ШУУРХАЙ: АТГ-аас "Эрдэнэс таватолгой"-н захирал асан Н.Цэрэнсамбууг 12 хүртэлх жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: АТГ-аас "Эрдэнэс таватолгой"-н захирал асан Н.Цэрэнсамбууг 12 хүртэлх жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж эхэлжээ

"Эрдэнэс таватолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Цэрэнсамбууг АТГ-аас шалгаж байгаа бөгөөд түүнийг "Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил"-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарсан аж ахуйн нэгжид давуу байдал олгосон байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

Тэгвэл "Эрдэнэс таватолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан, нэг сарын хугацаатай цагдан хорьжээ. 

Тодруулбал, АТГ-аас "Эрдэнэс таватолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг "Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил"-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарсан аж ахуйн нэгжид давуу байдал олгосон байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор тендерт оролцсон аж ахуйн нэгжүүд зэрэг холбогдох бүхий л байгууллагуудад нэгжлэг, шалгалт хийсэн байна.

Улмаар Н.Цэрэнсамбууг "Бланс" ХХК-д давуу байдал олгосон байж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдсон тул түүнийг цагдан хорьж, мөрдөн шалгах шаардлагатай хэмээн үзэж прокурорын саналаар Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны шүүхээс түүнийг 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг гаргасан аж. 

Уг шүүгчийн захирамжид Н.Цэрэнсамбуугийн өмгөөлөгч гомдол гаргаж, Ерөнхий шүүгчид хандсан ч шүүхээс түүнийг цагдан хорих шийдвэрийг гаргасан нь зөв хэмээн үзэж, түүнийг гомдлыг хүлээж аваагүй байна. Нэг үгээр хэлбэл "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн 12 хүртэлх жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан, цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 

Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.