Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх энэ сарын эхээр /2026.11.03/ “Оюу толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарыг хүлээн авч уулзан, чиглэл өгсөн.
Тэрбээр “Оюу толгойн анхны ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, нийтийн өргөдлийн системд 100 мянга гаруй иргэн ногдол ашгаа шууд хүртэх саналыг ирүүлээд байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно гэж үзэж, өөрийн байр сууриа Монгол Улсын Ерөнхий сайдад илэрхийллээ” гэсэн юм.
ВИДЕО:
- ЕРӨНХИЙЛӨГЧ БҮРЭН ЭРХИЙНХЭЭ ХҮРЭЭНД ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ЭРХТЭЙ-
"Чиглэл" өгөх нь Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилга гарган аливаа асуудлаар Засгийн газраар дамжуулан арга хэмжээ хэрэгжүүлэх, Засгийн газарт тодорхой асуудлаар зөвлөх боломжийг олгосон, гүйцэтгэх засаглалтай харилцах харилцааны үндсэн нэг хэлбэр юм. Ерөнхийлөгч зарлиг гаргаж, эсвэл зарлиг гаргахгүйгээр Засгийн газарт чиглэл өгч болно.
Хэрвээ зарлиг гаргаж чиглэл өгсөн тохиолдолд Ерөнхий сайд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсноор заавал биелүүлэх эрх зүйн хүчин чадалтай бодлогын баримт бичиг болно.
Энэ тохиолдолд чиглэлийн дагуу тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага буюу үүрэг үүснэ. Харин зарлиг гаргахгүйгээр буюу уулзалт, ярилцлагын үеэр чиглэл өгөх тохиолдолд Засгийн газар чиглэлд хөндөгдсөн асуудлаар үйл ажиллагаа явуулахдаа анхаарах зөвлөмжийн шинж чанартай болж, чиглэлийн мөрөөр заавал арга хэмжээ авах үүрэг үүсдэггүй аж.
- НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ОЛГОХ АСУУДЛЫГ УИХ-ЫН ТҮВШИНД ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ -
Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх чиглэл өгсний дагуу “Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох” өргөдлийг Эдийн засаг, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэж, хуулийн төсөл санаачлах боломжийг судлах ажлын хэсэг байгуулаад байгаа юм.
Ингэснээр одоогоор байгуулагдсан ажлын хэсэг өргөдөлд дурдсан саналыг судалж, санал дүгнэлтээ холбогдох байнгын хороонд танилцуулах дараагийн шатанд шилжээд байна. Улмаар байнгын хороо ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж, хуулийн төсөл санаачлах санал гаргах эсэхийг шийдвэрлэх юм. Хэрэв хуулийн төсөл санаачлах санал дэмжигдвэл эрх бүхий субъект холбогдох хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Үүний дараа хуулийн төслийг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, батлах эсэхийг шийдвэрлэх дараалалтай.
Харин тухайн ажлын хэсэг байгуулагдсан өдөр Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, улмаар өчигдөр /2026.11.19/ УИХ-ын чуулганаар чөлөөлөх хүсэлтийг нь дэмжлээ. Иргэдийн дунд Ерөнхийлөгч огцорсон тул түүний чиглэл хүчингүй болох уу гэх мэт эргэлзээ үүсээд буй юм.
Гэхдээ У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөр Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох асуудал зогсохгүй юм. Учир нь энэ асуудал УИХ-ын түвшинд хэлэлцэгдэж, холбогдох хуулийн зохицуулалт бий болгох боломжийг судлах ажлын хэсэг байгуулагдаад байна. Харин ногдол ашгийг бэлнээр олгох эсэх нь цаашид Засгийн газрын боловсруулж өргөн барих хуулийн төсөл, УИХ-ын шийдвэрээс хамаарах билээ.
Сануулахад, Засгийн газар гурван их наяд төгрөгийн ногдол ашгаас хоёр их наядаар эрчим хүчний мөсөл санхүүжүүлж, нэг их наядыг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр төлөвлөж байсан ч 10 дугаар сард холбогдох хуулийн төслөө эргүүлэн татсан билээ. Сангийн сайд З.Мэндсайхан өмнө нь Баялгийн сангийн тухай хуулиар ногдол ашгийг бэлнээр олгох зохицуулалт байхгүй гэж тайлбарлаж байсан, түүнчлэн бэлнээр олгох нь инфляцыг өсгөх эрсдэлтэй ч Ерөнхийлөгч чиглэл өгсөн тул хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүсэж байна хэмээн ярж байв.