Дараагийн 76-д ХЭН БАЙХ ВЭ?

Дараагийн 76-д ХЭН БАЙХ ВЭ?

Хүсэмжит залуу, хүсэмжит бүсгүй гэгчээр  бидний хүсэмжит улстөрчид хэн байвал зохистой вэ. Улс төрчдийн хувьд царай зүс, бие хаа, ганган костюмтайгаар нь уралдуулах гэсэнгүй. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд сонгогчид  бид шинэ сонголт хийхийг ихэнх нь хүсч ярьж эхэлсэн. Тэр сонголт маань хэн байх вэ? Энэ удаа зарим тойргийг  онцолъё.

Төв аймаг /УИХ-ын сонгуулийн 14 дүгээр тойрог/

Энэ тойрогт хуульч Х.Тэмүүжинг нэрлэе. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан тэрээр салбартаа шинэчлэл хийх гэж зүтгэсэн. Тахарын алба байгуулсан нь тухайн үедээ олны талархлыг хүлээж байлаа. Зоримог, шударга зантай. Их хуралд түүн шиг сайн хуульч хэрэгтэй болохоос хөдөөгийн ард түмэнд таалагдах гэж хөөрөг зөрүүлж, дээл өмсч явдаг түр зуурын үзэгдлүүд хэрэггүй. УИХ-д гараад ирвэл улс оронд хэрэгтэй хүн учраас хүсэмжит улстөрчдийн эгнээнд жагсааж байна.

Дархан-Уул аймаг /УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог/

Энэ тойрогт эдийн засагч Б.Бямбасайханыг онцолж байна. Тус тойрогт нэр дэвшигчдийн дунд эдийн засгийн толгой цохих мэдлэгтэй нэгэн. Тэрээр Монгол Улс дахь анхны салхин цахилгаан станцын тѳслийг 2012 онд удирдан гүйцэтгэсэн бөгөөд Ази тивийн эрчим хүчний бусад томоохон төслүүдийг амжилттай удирдан ажилласан туршлагатай нэгэн.

Мѳн тэрээр Монголын технологийн хѳрѳнгѳ оруулалтын тэргүүлэгч компани болох “Ньюком Групп”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан төдийгүй “Мобиком Корпораци”, “Клин Энержи” зэрэг компаниудын ТУЗ-ийн даргаар ажиллаж байжээ. Тэрээр мѳн дотоод гадаадын 260 гаруй хөрөнгө оруулагчдыг нэгтгэсэн Монголын Бизнесийн Зөвлөлийн удирдах зѳвлѳлийн дарга, Ногоон барилгын зөвлөл, Монголын урлагийн зөвлөл, АНУ дахь Зориг сангийн удирдах зѳвлѳлийн гишүүн, түүнчлэн Монголын Байт Харвааны Холбооны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа аж.

Баянзүрх дүүрэг /УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог/

Хуульч Б.Энхбаярыг онцолж байна. Хууль зүйн дэд сайд асан, сайд Ц.Нямдоржтойгоо шударга ёс нэхэж муудалцаж, ажлаа өгч байсан. Түүнийг  улс төрд ороосой гэж залуус илүү дэмждэг. Нэр цэвэр,  шударга, сайн хуульч. Мөн энэ тойрогт гавьяат эмч, Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан  Ж.Чинбүрэн эмчийг  нэрлэж байна.  Түүнийг зарим нь эмчээ хийвэл улс оронд тустай гэдэг ч зарим нь түүн шиг салбарынхаа жаргал зовлонг мэддэг хүн орхигдож хаягдаад удаж байгаа эрүүл мэндийн салбарын төлөө  бодлогын түвшинд дууугарах хэрэгтэй. Тиймээс УИХ-д ороод ирээсэй хэмээн хүсч байгаа.

Сүхбаатар дүүрэг /УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог/

МАН-аас нэр дэвшигч Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг нэрлэж байна.  Дүн нуруутай тэрээр Монгол Улсын гадаад бодлогыг сайтар авч яваагийн дээр  хөрш орнуудтай харилцах харилцааг бататгаж ахисан түвшинд хүргэж чадсан. Коронагийн үед ухаалаг гадаад бодлого явуулж, иргэдээ улсдаа авч ирсэн. Мөн гадаад худалдааг нэмэгдүүлэхэд хамгийн том хувь нэмрийг оруулсан хүн. Монголын гадаад худалдаа өнөөгийнх шиг өндөр түвшинд хүрч байсан удаагүй. Одоогоор өмнөх сайд нарын үед томилсон дипломатууд тамхины наймааны хэрэгт орооцолдож, чихийг халууцуулж байгаа ч энэ тал дээр бодлогын томоохон арга хэмжээнүүдийг авсан. Мөн энэ тойрогт Дээд шүүхийн дарга асан Дэмбэрэлцэрэнгийн хүү Мөнх-Эрдэнийг хүсэмжит улстөрчөөр нэрлэж байна. Тэрээр “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшиж байгаа. Шударгаараа алдаршсан хуульч аавын хүү мөн л хуульч болсон. Тэрээр хууль сахиулах тал дээр хэнд ч худалдагдахгүй, шударгын талд зогсож чадна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр өөрийн байр сууриа хатуу илэрхийлж, томоохон хуульчдад мэргэжлийн “шанаа” өгч байгаа.

Чингэлтэй дүүрэг /УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрог/

Батын Батбаатар, Жамъянхорлоогийн Сүхбаатар хоёрыг энэ тойрогт онцолж байна. Нас залуу боловч өмнө нь парламентад сууж байсан туршлагатай.   Элдэв авлига, хээл хахуульд холбогдож байгаагүй, нэр цэвэр улстөрчид. Тэд хийгүй, үзэл бодлын хувьд шууд илэрхийлэлтэй. Тэрээр энэ удаа “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшиж байгаа. Харин Жамъянхорлоогийн Сүхбаатар намынхаа ах нарын хуйвалдааныг илчлээд намаа орхиж МАХН-д элсч байсан ч буцаж намдаа ирсэн. Энэ удаа МАН-аас нэр дэвшиж байна.

Хан-Уул дүүрэг /УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог/

Хамгийн олон  анхаарал татсан нэр дэвшигчид энэ тойрогт өрсөлдөнө. Хэд хэдэн хуульч, эдийн засагч, мөн олон тооны бие даагчид энэ тойрогт өрсөлдөнө. Одоогоор олон нийт энэ тойргийг “Үхлийн тойрог” хэмээн нэрийдэж байна.  Энэ тойргоос нэг сайн эдийн засагч, нэг сайн хуульч гараад ирээсэй. Магад олон бие даагчид саналаа хуваагаад гарч ирэх боломж багасах биз. Энэ удаад тус тойргоос хуульч, доктор Ч.Өнөрбаярыг онцолж байна. УИХ-д шинээр суралцах шаардлагагүй олон хууль санаачилж, батлуулж байсан. Монголын хуулийн салбарт олон жил ажиллаж олон мянган боловсон хүчин бэлтгэсэн багш, судлаач хүн. Түүний шавь нар нь гэхэд л өнөөгийн УИХ-д бий.  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг биелүүлэхийг шаардаж,  УИХ-ын дарга Г.Занданшатарыг мэтгэлцээнд дуудсан. Хэнээс ч айдаггүй, хэлэх үгээ хэлчихдэг, шийдэмгий, зоригтой. Сонгогчдын хүсэмжит улстөрч болох магадлал өндөр.