Зудын эрсдэлийг бууруулах бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангахыг үүрэг болголоо

Зудын эрсдэлийг бууруулах бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангахыг үүрэг болголоо

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Онцгой байдлын ерөнхий газар болон Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, хариу арга хэмжээний бэлэн байдалтай танилцан холбогдох үүрэг, чиглэлийг өглөө.

2026-2027 оны өвөл агаарын температур олон жилийн дунджаас 5 хувиар илүү хүйтрэх төлөвтэй байгаа бөгөөд зудын эрсдэлийн үнэлгээгээр улсын хэмжээнд 35 сум маш өндөр, 247 сум дунд, 40 сум бага эрсдэлтэй гэж гарсан байна. Үүнтэй холбогдуулан Шадар сайд Н.Номтойбаяр зудын эрсдэлийг бууруулах, болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодорхой болгохыг даалгалаа.

Ялангуяа эрсдэл өндөртэй аймаг, сумдын бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангахад онцгой анхаарахыг сануулав. Мөн “Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд онцгой байдлын байгууллагаас тусгах санал, дүгнэлтийг сонслоо. Энэ үеэр бүх асуудлыг улсын төсвөөс санхүүжүүлэх зарчимд баригдалгүй, байгууллагын санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх боломж, тогтвортой санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох санал боловсруулахыг Шадар сайд онцоллоо.

Түүнчлэн тэрээр “Онцгой хотхон” төслийн 512 айлын орон сууцны барилга угсралтын явцад тулгарч буй бэрхшээлтэй танилцаж, ажлыг эрчимжүүлэн гүйцэтгэлийг шуурхайлахыг үүрэг болгов. Онцгой байдлын алба хаагчдын эрх ашгийг хохироохгүй байх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс барилгыг ашиглалтад оруулахад саад болж буй хүчин зүйлсийг бодитоор үнэлэх шаардлагатайг анхааруулсан юм. Улмаар гүйцэтгэгч компанитай холбоотой маргаан болон санхүүжилтийн гацааг нэн даруй арилгаж, нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг бэлтгэн эргэн мэдээлэх чиглэл өглөө.