Монгол Улсын Шадар сайд Дорноговь аймагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд Дорноговь аймагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Зам, тээврийн яамны бүрэлдэхүүн багтсан ажлын хэсэг засгийн газраас тус аймагт хэрэгжүүлж буй зарим томоохон бүтээн байгуулалттай танилцав. Тухайлбал Газрын тосны үйлдвэрийн ерөнхий танилцуулга, газрын тосны үйлдвэрийн хотхоны барилгын явц, 50 ортой төрх эмнэлэгтэй танилцан тулгамдаж байгаа зарим асуудлыг засгийн газарт уламжлахаар боллоо.

“Монголын газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн сургууль, цэцэрлэг оффис үйлчилгээтэй хотхоны барилгын 11 объектын ажил өнгөрсөн оны 08 дугаар сараас эхэлсэн. Хотхоныг 2020 он, 2021 онд тус тус 2 ээлжээр ашиглалтад оруулна. Эхний ээлжид ашиглалтад орох оффис үйлчилгээний цогцолбор, 95 айлын орон сууц 2, 40 айлын орон сууц , 32 айлын үйлчилгээний талбай бүхий орон сууцын барилгын ажлыг аймгийн “Барилгачдын холбоо” болон “Хангай бигэр” ХХК-иуд тус тус хийж гүйцэтгэж байна.

Сайншанд сумын 50 ортой төрөх эмнэлгийн барилга угсралтын ажлыг “Мон инж бар”ХХК 2011 онд эхлүүлж, 2012 онд ашиглалтад оруулах байсан боловч 7 жилийн хугацаанд барилгын ажил зогсонги байдалтай байсан юм. Улмаар хоёр удаагийн Улсын Онцгой комиссын хуралдаанаар асуудлыг хэлэлцэн, холбогдох газарт үүрэг чиглэл өгсөнөөр шийдвэрлэсэн юм.

Тус 50 ортой төрөх эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахаар 2017 оны 09-р сараас “Баярс констракшн” ХХК барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэсэнээр ашиглалтад ороход бэлэн болжээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.