Хандивын 30 мянган хонийг НАМАР авах хүсэлтийг БНХАУ-ын талаас гаргажээ

Хандивын 30 мянган хонийг НАМАР авах хүсэлтийг БНХАУ-ын талаас гаргажээ

БНХАУ-д коронавирусийн халдвар тархаж, нийгэм, эдийн засгийн байдал нь хүндрэх үед /2020.02.27/ Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад албан ёсны айлчлал хийж, Монголын ард түмнээс “30 мянган толгой хонь” бэлэглэж буйг мэдэгдсэн. Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын хүрээнд гарсан тус үйл явдал нв Монгол, БНХАУ-ын олон жилийн найрсаг хамтын ажиллагааг бататгасан  төдийгүй олон улсын анхаарлыг татсан юм.

-ЭХ СУРВАЛЖ: 30 МЯНГАН ХОНИЙГ ГАРГАХАД БЭЛЭН-

Эх сурвалжийн мэдээлж буйгаар БНХАУ-ын ард түмэнд бэлэглэсэн 30 мянган хонийг тус улс ирэх намар авах хүсэлтийг гаргасан байна. Энэ нь тарга, тэвээрэг авсных нь дараа авахыг илүүд үзсэн гэсэн үг. Ингэхдээ хөлөөр нь авах юм. Манай улсын хувьд бэлтгэл байдлаа хангасан бөгөөд Улсын онцгой комисс, Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн газар тус ажлыг хариуцан ажиллаж байна.

БНХАУ-ын талаас 30 мянган хонийг авна гэсэн үед нь өгөхөд бэлэн байгаа гэж албаныхан хэллээ.

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Бээжин хотод дахин коронавирус илэрч өчигдрийн байдлаар 40 тохиолдол бүртгэгдэн дэгдэлт нь эрчимтэй байна. Хоёр дахь удаагийн дэгдэлт далайн гаралтай бүтээгдэхүүний хүнсний захаас эхтэй бөгөөд вирусээс болж зарим нэг захууд хаагдаж буй.

Үүнтэй холбоотойгоор зарим нэр төрлийн хүнсний хомсдол бий болж магадгүй талаарх сэтгэгдлээ Хятадын цахим сүлжээнд хүмүүс бичих болжээ. Яг энэ үед Монгол улс 30 мянган хонио өгвөл цагаа олсон ажил болно гэх сэтгэгдэл ч байна.

Хэдий иргэдийн зарим нь ийм сэтгэгдэл илэрхийлж байгаа ч Засгийн газраас нь хонийг намар авна гэсэн учир бид тэр хүртэл нь бэлэн байдлаа хангана гэсэн үг.

Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлалын дараа зарим аймаг, сумд болон иргэд БНХАУ-д хонь хандивлахаа мэдэгдсэн эхэлснээр, 30 мянган толгой хонины нэлээдгүй хэсэг нь хандиваар бүрдээд байсан юм.

Тухайлбал, Булган аймаг 1500, Говь-Алтай аймаг 1111, Баян-Өлгий аймаг 1080 хонь, Завхан аймаг 2234 хонь, Ховд аймаг 1000 хонь, Сүхбаатар аймаг 2000 хонь, Завхан аймаг 2234 хонь, Дорнод аймаг Баяндун сумын малчин н.Батмөнх 100 хонь, Хэнтий аймгийн Норовлин сумын иргэд 300 хонь зэргээр хандивласнаар 20 орчим мянган толгой хонь иргэд, байгууллагын хандиваар бүрдсэн юм.

-30 МЯНГА ХОНЬ ХАНДИВЛАЖ БУЙ ТАЛААРХ
БАРИМТАТ КИНО ГАРНА -

Дашрамд дурдахад, Монголын ард түмнээс БНХАУ-ын ард түмэнд хандивлаж байгаа "30 мянган толгой хонь" цуглуулахад ямар зохион байгуулалт хийж, хэрхэн эздэдээ очих талаар өгүүлэх баримтат киног манай улсын ТВ2 телевиз болон БНХАУ-ын ССTV /China Center television/ хамтран бүтээж байгаа ажээ.

Эргэн сануулахад, Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын дараа БНХАУ-ын иргэд цахим орчинд “Хятадын ард түмэн Монголчуудын ачийг үүр санан дурсах болно, Баттулга ерөнхийлөгч болон Монголын ард түмэнд маш их баярлалаа, Хятад Монголын эв найрамдал үүрд мандан бадраг, Хятадын ард түмэн үүрд санан дурсах болно маш их баярлалаа” зэргээр сэтгэгдлээ илэрхийлж байсан билээ.