​Ж.Ганбаатар сонгуулийн дуулианыг далимдуулан “А” зэрэглэлийн 8 объект авчээ

​Ж.Ганбаатар сонгуулийн дуулианыг далимдуулан “А” зэрэглэлийн 8 объект авчээ

“Оргил”-ын Ж.Ганбаатарыг хүмүүс “Энканто”-гийн эзэн гэдгээр нь андахгүй мэднэ. МАН-ын гишүүн тэрээр 2016 онд Баянгол дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

Түүний ясны бизнесийн арга заль, улс төртэй хослоод үнэн утгаараа цэцэглэж байна. Нийслэлийн ашигтай байрлал бүрд өөрийн сүлжээ дэлгүүрүүдээ сүндэрлүүлсээр байгаа эрхэм түшээ, олон нийтийг сонгуулийн сурталчилгаа, коронагийн хорио цээрт анхаарч байх хооронд "Зорчигч тээвэр гурав" ОНӨААТҮГ буюу олны нэрлэж заншиснаар “Автобус-3”-ын нийт 8 барилга объектыг худалдан авчээ.Үүнийг хэн ч анзаарсангүй. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас “Өмч хувьчлал 2020” дуудлага худалдааг 06 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулж, "Зорчигч тээвэр гурав" ОНӨААТҮГ-ын барилга байгууламжийг хувьчилсан байна. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас дуудлага худалдаанд 3 аж ахуйн нэгж оролцсон гэх боловч үнэ хэрэгтээ 2 компани оролцож, дуудлага худалдааны доод үнэ 15,8 тэрбум төгрөгөөс дуудаж Ж.Ганбаатарын “Камдер” ХХК 20.0 тэрбум төгрөгөөр авчээ.

"Зорчигч тээвэр гурав" ОНӨААТҮГ-ын барилга байгууламжуудыг дуудлага худалдаагаар худалдан, хувьчлуулах шийдвэрийг анх Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2017 оны 16 дугаар тогтоолоор нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.  

Анх 2015 онд зарахаар төлөвлөсөн боловч автобуснуудаа байлгах газаргүй, газрын маргаан гэх зэрэг олон асуудлаар өнөөг хүрсэн байдаг. Контор /3 давхар/-ын барилга, үйлдвэрийн, манаачийн, диспетчерийн, агуулахын байр, 87 автобусны гараж зэрэг нийт 9639м2 талбай бүхий 8 барилга байгууламжтай, 25.000 м.кв эзэмшил газартай Улаанбаатар хотын “А” бүсэд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Циркийн баруун урд, Нарны зам дагуу байрлалтай уг газрын нээлттэй дуудлага худалдааны доод үнийг тухайн үед 26 тэрбум 432 сая 700 мянган төгрөгөөр үнэлж байж.

Гэвч 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр буюу сонгууль дуусахаас 20 хоногийн өмнө тухайн газрын үнийг 15.8 тэрбум төгрөг болгон бууруулж, дуудлага худалдааг зохион байгуулсан байна.

Ийнхүү эрхэм гишүүн Ж.Ганбаатар жил ирэх тусам өссөөр байгаа газрын үнийг буулган, Нийслэлийн өмчийг үнэгүйдүүлэн ашигтай байрлал бүхий 8 объектыг өөрийн болгож чадсан байна. Эдгээр объектууд огт үнэгүй дагалдаж байгаа хэрэг үү. Тухайн газрын үнэ өсөх ёстой атал харин ч эсрэгээрээ доод үнээс нь буулгаж, бүхэлд нь 20.0 тэрбум төгрөгөөр “Камдер” ХХК авсан нь хардлага дагуулах гол үндэс болоод байна.

Өнгөрсөн хугацаанд эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс уг газарт болон хотын төв хэсгийн газруудад шүлсээ гоожуулж байсан ч олон нийтийн хэл аманд өртөхөөс эмээн дуугүй байсныг эх сурвалжууд хэлдэг. Тэгвэл УИХ-ын Сонгуулийн сурталчилгаа эхэлж, олны анхаарал өөр тийшээ чиглэсэн энэ үед, эрхэм гишүүн ийнхүү овжин аргаа ашиглан урт гараа шургуулаад амжжээ.

Энэ мэтчилэн Нийслэл хотын маань өнгөтэй өөдтэй, ашигтай байрлал бүр газрын мангас Ж.Ганбаатарынх болсоор байх уу.

Эх сурвалж: atime.mn