Зөөврийн хайрцагаар санал авч дууслаа

Зөөврийн хайрцагаар санал авч дууслаа

Эрүүл мэндийн шалтгаантай, нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж буй, зөрчлийн улмаас, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан сонгогчдын саналыг өчигдөр орон даяар авч дууслаа. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу хэсгийн хорооныхон нь дээрх шалтгаантай иргэдийн хүсэлт, эмнэлгийн магадлал, холбогдох байгууллагын тодорхойлолтын дагуу тухайн газарт нь очиж, саналыг нь аван, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар байрандаа авчирсан юм. Улсын хэмжээнд 2070 хэсгийн хороо ажиллаж буй бөгөөд хэчнээн хүнээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах тоо өчигдөр оройны байдлаар гараагүй, өнөөдөр танилцуулахыг СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа хэлсэн. Өнгөрсөн сонгуулиар 4200 орчим иргэн ийм хэлбэрээр саналаа өгсөн юм.

Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах тухай журмыг СЕХ-ноос өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан. Мөн 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавирусийн халдвараас сэргийлэх журмыг УИХ-аас батлан, мөрдөж буй юм. Уг журам, УОК, ЭМЯ-ны зөвлөмжийг зөөврийн хайрцгаар санал авах үед хэрхэн баримталж, энэ үйл явц хуулийн дагуу явагдаж буй, эсэхийг Баянзүрх дүүргийн 23 дугаар тойргийн 15 дугаар хэсгийн хороо (нийслэлийн 33 дугаар сургуулийн заал)-ноос сурвалжиллаа. Баянзүрх дүүргийн хувьд 100 хэсгийн хороотой, үүний 98-д нь 613 иргэн зөөврийн 125 хайрцгаар саналаа өгчээ. Нэг хэсгийн хорооныхон дунджаар 2-20 хүнээс саналыг нь очиж авсан байна.