АН: ЦЕГ болон ТЕГ-ыг оролцуулалгүйгээр хяналт, шалгалт хийсний дараа дахин сонгууль явуулах эсэх шийдэгдэнэ

АН: ЦЕГ болон ТЕГ-ыг оролцуулалгүйгээр хяналт, шалгалт хийсний дараа дахин сонгууль явуулах эсэх шийдэгдэнэ

Энэ сарын 24-нд болж өнгөрсөн УИХ-ын найм дахь сонгуулийн дүнд олон нийт болон бусад нам эвслүүд бухимдалтай хандаж, хүчтэй эсэргүүцээд байгаа билээ. Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлснээс хойш сонгуульд оролцсон зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн зүгээс санал авах, дүнг нэгтгэх үйл ажиллагааны явцад хууль зөрчсөн үйлдэл олноор гарсан, зарим нэр дэвшигчийн саналыг тоолох явцад таслал бүхий тэмдэглэгээ гарч ирсэн, сонгуулийн автоматжуулсан системд нөлөөлж, саналын дүнг будлиантуулсан байж болзошгүй зэрэг гомдол Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсээр байгаа юм.

Тэгвэл өнөөдөр АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Одхүү, “Та бидний эвсэл”-ийн дарга Н.Энхбаяр болон бусад нам эвслийн удирдлагууд хамтран мэдэгдэл хийлээ. Тэд өчигдрөөс хамтран сонгуулийн дүн, үйл явцын талаар дахин хяналт, шалгалт хийж үзэхэд олон ноцтой зөрчил илэрсэн гэдгийг мэдээллээ.

Тодруулбал, нэг хүнийг олон удаа санал өгүүлсэн, нас барсан хүний регистэрийг ашиглан санал өгсөн, хуурамч хаяг, огт байхгүй орон сууцны нэр ашиглан  санал хураалтыг явуулан засгийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон хэмээн мэдэгдлээ. Мөн энэ хууль бус үйлдэлд маш олон төрийн албан хаагчид оролцсон учраас сонгуульд оролцоогүй байгууллагууд хамтран олон ноцтой зөрчлүүдийг дахин шалтгаж, нягтлах хэрэгтэй гэж үзэн МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгад хамтарсан шаардлага хүргүүлэхээр болжээ. Учир нь тэд ЦЕГ, болон ТЕГ-ыг үүргээ хангалттай биелүүлээгүй, хууль бус үйлдэлд хамтран оролцсон байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм.

Ямар нэгэн гадны нөлөөгүйгээр, шударгаар хяналт, тооллогын ажлыг явуулсны дараа дахин сонгууль хийх үү, үгүй юу гэдгийг шийднэ гэж АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Одхүү мэдэгдлээ.