Улсын Их Хурлын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу гишүүний тангаргийг хуралдаан даргаж буй хамгийн ахмад гишүүн эхэлж уншсанаар бусад гишүүд нэг нэгээрээ индэрт гарч тангараг өргөлөө.
Үүнээс өмнө хамгийн ахмад гишүүн тангаргийн үгийг уншихад бусад гишүүд дагаж хэлэн, тангараг өргөдөг байсан. Харин энэ удаагийн парламентын гишүүд цагаан толгойн үсгийн дарааллаар индэрт гарч, тангараг өргөж, гарын үсэг зурж байна.
Түүнчлэн УИХ-ын гишүүний тангаргийн үгэнд өөрчлөлт оруулсан байна.
Өмнөх тангаргийн үгэнд “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” гэсэн байдаг бол
Өнөөдөр тангараг өргөж буй гишүүд “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийн дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн уншиж байгаа.
Энэхүү өөрчлөлтийг АТГ-аас санал болгосноор оруулжээ. Энэ талаар АТГ-ын дарга З.Дашдаваа "Нэгэнт төрийн эрх барих дээд байгууллагад орж ажиллаж байгаа хүн ард түмнийхээ өмнө өөрийн биеэр энэ тангарагийг өргөдөг байх ёстой. Ингэж илэрхийлэх нь тухайн сонгогдож байгаа гишүүнд ойлгомжтой байх юм болов уу гэж бид харж, ийм санал оруулж байна.
Тангарагийн үгэнд бас “авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна” гэж оруулах санал өгч байгаа нь УИХ-ын эрхэм гишүүдийг аливаа гэмт хэрэг, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлж байгаа том ажил" хэмээн тайлбарлаж байжээ.