УИХ-ын гурван байнгын хороог шинээр байгуулав

УИХ-ын гурван байнгын хороог шинээр байгуулав

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Т.Аюурсайхан нарын гишүүний санаачлан боловсруулсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Төсөлд, УИХ-ын гурван байнгын хороо шинээр байгуулахаар тусгажээ. 

Тодруулбал, УИХ-д Ёс зүй, сахилга хариуцлагын; Инновац, цахим бодлогын; Үйлдвэржилтийн бодлогын гэсэн гурван Байнгын хороог шинээр байгуулахаар төсөлд тусгасан байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд УИХ нь Аюулгүй байдал, гадаад бодлогын; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн; Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын; Нийгмийн бодлогын; Төрийн байгуулалтын; Төсвийн; Хууль зүйн; Эдийн засгийн гэсэн 8 байнгын хороотой ажиллахаар хуульчилсан. Гэвч зарим Байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээ хэт өргөн бөгөөд олон чиглэлийг хамарч байгаа нь УИХ-аас батлагдан гарах хууль тогтоомжийн чанар, УИХ-ын хяналтын чиг үүргийг оновчтой хэрэгжүүлэхэд зарим бэрхшээл үүсгэж байна гэж хууль санаачлагчид үзжээ.

Тиймээс УИХ-ын ажлыг илүү боловсронгуй болгож, дотоод зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулахтай холбоотойгоор зарим Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг салгаж, зохих салбар чиглэлээр ажиллах зарим Байнгын хороодыг нэмж байгуулах шаардлагатай байна гэж үзсэн байна. Ингэснээр УИХ-ын үйл ажиллагаа, батлагдан гарч байгаа хууль тогтоомж, бусад шийдвэр оновчтой байх, зохих салбар, чиглэлээр хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх болон УИХ-ын Тамгын газарт тухайн асуудлыг хариуцан ажиллаж байгаа төрийн албан хаагчид илүү мэргэшин ажиллах боломж нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэж төсөл санаалчагч үзжээ.