-Д.ҮҮРИЙНТУЯА, Д.ПҮРЭВДАВАА, Г.УЯНГА, Ц.ХУЛАН НАР УИХ-ЫН СОНГУУЛИЙН ДАРАА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХИЙН АЖЛАА ӨГЧЭЭ-
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны зөвлөхүүд болох Д.Үүрийнтуяа, Д.Пүрэвдаваа, Г.Уянга, Ц.Хулан нар энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН-аас болоод бие даан нэр дэвшин өрсөлдсөн ч ялалт байгуулж чадаагүй.
Харин тэд тус сонгуулийн дараа Ерөнхийлөгчийн зөвлөхийн үүрэгт ажлаа өгсөн байна.
Тухайлбал, Г.Уянга энэ тухайгаа “Ганцхан жилийн дараа ирэх дараагийн "тулаан"-ы бэлтгэл хангахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өөрийн хүсэлтээр өгөхөөр шийдсэнээ өнөөдөр дуулгаж, даргаасаа чөлөө хүслээ” гэж мэдэгдсэн юм.
Харин тэдний оронд хэн байх тухай яригдаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Я.Санжмятав нарыг Ерөнхийлөгч Х.Баттулга зөвлөхөөр томилж магадгүй байгаа аж.
Сонирхуулахад, УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр “Сонгуульд АН ялалт байгуулсан тохиолдолд Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад томилно” гэж мэдэгдэж байсан. Харин Я.Санжмятавын хувьд сонгуульд нэр дэвшихээс татгалзаж, АН-ын сонгуулийн төв штабын ерөнхий менежерийн үүрэгт ажлыг гүйцэтгэсэн билээ.