Чойбалсан дулааны цахилгаан станцын 50 мегаваттын өргөтгөлд ажиллах 31 иргэнийг өнөөдөр “Чойбалсан” зочид буудалд тусгаарлалаа. Станцын өргөтгөлийн ажлыг Хятад, Монгол Улсын хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр болж, Хятадын “ТВЕА” групп тендерт шалгарсан аж. Өргөтгөлийг БНХАУ-ын хөгжлийн банкны 70 гаруй сая америк долларын зээлээр, 10 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барьж босгох юм. Гүйцэтгэгч компани 18 сарын хугацаанд барьж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн. Түүнчлэн 250 гаруй хятад ажилчид ажиллуулна гэдгээ өнгөрсөн оны 11-р сард шав тавих ёслолын үеэр хэлж байсан удаатай. Тэгвэл өнөөдөр эхний ээлжийн инженер техникийн ажилчид болох 31 хятад иргэн Замын-Үүдийн боомтоор нэвтрэн Дорнодод ирж, Чойбалсан зочид буудалд тусгаарлагдаад байгаа нь энэ юм. Тэднийг 21 хоногийн хугацаанд тусгаарлаж, дахин шинжилгээ авна.
Эх сурвалж: Montsame news agency