Хүүхдийн 100 мянган төгрөгийг энэ он дуустал үргэлжлүүлэн олгохоор боллоо

Хүүхдийн 100 мянган төгрөгийг энэ он дуустал үргэлжлүүлэн олгохоор боллоо

Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар төсөвт тодотгол хийх талаар хэлэлцжээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр “Засгийн газар төсөвт тодотгол хийж хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Цар тахалтай гарсантай холбоотойгоор ард иргэдийн эдийн засгийг дэмжих зорилгоор хүүхдийн мөнгийг аравдугаар сар хүртэл 100 төгрөг болгож өсгөсөн. Тэгвэл энэхүү тэтгэмжийг энэ он дуустал үргэлжлүүлэн олгохоор боллоо" гэлээ. 

Төсвийн тодотголыг БНХАУ-ын эдийн засгийн хөгжлийн хандлага, эдийн засгийн өсөлтийн байдалтай уялдуулан хийжээ. Энэ талаар тэрээр "Цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засаг 2020 онд 5-6 хувиар буурахаар байгааг судалгааны байгууллагууд танилцуулсан. Гэсэн хэдий ч 2021 онд 5-7% өснө гэж таамаглаж байгаа. Үүнтэй уялдуулаад Хятадын эдийн засгийн хөгжлийн хандлага, эдийн засгийн өсөлтийн байдалтай уялдуулж, Монгол Улсын эдийн засгийн төлөвийг харж, төсвийн тодотголыг хийсэн" гэлээ.

НДШ–ИЙГ 10 ХУВЬ БОЛГОЛОО

Мөн нийгмийн даатгалын шимтгэлд өөрчлөлт оруулсан талаар мэдээллээ. Тэрээр "Баримталсан зарчим ард иргэд, ААН-ийн хувьд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэлээдийг үргэлжүүлнэ. Эрүүл мэндийн салбарын зардлыг 115 тэрбум төгрөгөөр нэмсэн. Амны хаалт, эм эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас зэрэгт 71 тэрбум төгрөг, улирлын томуугийн вакцины зардалд 22 тэрбум төгрөгийг тус тус зарцуулна. Халдвар авсан хүмүүстэй нүүр тулан ажиллаж байгаа ажилчдад цалин олгоход 110 тэрбум төгрөгийн зардал олгоно.

НДШ–ийг ажил олгогч тав, даатгуулагч тав хувь, нийт 10 хувь болгон тогтоолоо. Үүний тулд 144 тэрбум төгрөгийг нэмэлтээр улсын төсвөөс гаргахаар болсон. Экспортын орлого буурч байгаа тул нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авна.

Мөн цар тахлын үед цахим шилжилтийг улс орнууд сайн хийж байгаа. Монгол улс ч энэ шилжилтийг сайн хийнэ гэж тооцоолж байна. Хөрөнгө оруулалтын хувьд энэ жил гэрээ байгуулж, тендер зарлаж амжаагүй төслүүдийг хасах, санхүүжилтийг бууруулах зарчим баримталсан" гэлээ.

Төсвийн тодотголтой холбоотой гаргасан онцлох шийдвэрүүд:

-Хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгох арга хэмжээ аравдугаар сарын 1-нд дуусах байсан ч он дуустал үргэлжлүүлэхээр боллоо

-Нийгмийн халамжаас олгодог тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн шийдвэр он дуустал үргэлжилнэ

-Хүнсний талоныг амьжиргааны түвшин хүндрэлтэй, бага орлоготой иргэдэд нэмэгдүүлсэн хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ.

-Байнгын асаргаа шаардагддаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олгодог мөнгийг 100 мянган төгрөг болгосныг он дуустал олгоно.

-НД-ын шимтгэлийг ажил олгогч нь 5 хувь, даатгуулагч 5  хувь байхаар буюу 50-60 хувь буулгасан хэлбэрээр үргэлжлүүлэхээр болсон.

-Жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-ийн ААНОАТ-ыг тэглэх шийдвэр үргэлжилнэ. 

-Түрээсийн төлбөр бууруулсан ААН-ийн түрээсийн орлогод ногдуулсан албан татвар тэглэсэн арга хэмжээ үргэлжилнэ.

-Эрүүл мэндийн салбартай холбоотой хил гаалийн болон НӨАТ-ыг тэглэх арга хэмжээг үргэлжүүлэхээр тооцсон.