ТӨСВИЙН ТОДОТГОЛ: Хавдартай иргэдээс харамласан 19 тэрбум төгрөгөөр Архангайн найман сумын оюутнуудад ДОТУУР БАЙР барьж өгөх ХЭВЭЭР

ТӨСВИЙН ТОДОТГОЛ: Хавдартай иргэдээс харамласан 19 тэрбум төгрөгөөр Архангайн найман сумын оюутнуудад ДОТУУР БАЙР барьж өгөх ХЭВЭЭР

-ЗАРЛАГЫГ 704.9 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДҮҮЛЖЭЭ-

Төсвийн тодотгол хийхгүй хэмээн тас гүрийсээр хагас жилийг барсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сонгууль өнгөрөөв үү үгүй юу “Одоо л төсөвөө тодотгоё” хэмээн бархирав.

Түүний энэ үйлдэл нь улсын төсвөөс илүү намын эрх ашиг нь чухал байсныг илтгэнэ. Эдийн засаг хүндрээгүй, санхүү сайн байна, төсөв тодотгох шаардлагагүй хэмээн худал ярьж байсан тэдний цаад санаа нь татвар төлөгчдийн мөнгийг сонгуульд ашиглах, сайн ажиллаж буй мэт дүр эсгэн ялалт байгуулах л байсан гэдэг нь энэ өдрүүдэд тодорхой боллоо.

Үнэнд гүйцэгдсэн У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар төсвийн тодотголыг хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа. Өргөн барьсан төсвөөс харвал шаардлагагүй ажлууд, хөрөнгө оруулалт, худалдан авалтыг танаж, хойшлуулсан зүйл огт алга. Харин эсрэгээрээ “Ковид 19” цар тахалд шаардлагатай хэмээн зарлагыг 704.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж оруулж иржээ. Ингэснээр 2020 оны төсвийн зарлагыг 14.6 их наяд төгрөгт хүрэхээр байна. Оны эцэст ДНБ-ний 37.7 хувьтай тэнцэх зарлага болно. Гэтэл 2020 оны төсвийн жилийн алдагдал 2.2 их наяд төгрөг байхаар тооцсон байсан юм. Энэ алдагдлын хэмжээ долдугаар сард давсан. Одоо төсвийн алдагдал гурван их наяд руу дөхөж буй. Ийм үед төсвийн зарлагыг нэмж байгаагаа “Ковид-19” цар тахалтай холбон тайлбарлажээ.

-АЙМГУУДЫН ХӨШӨӨ ДУРСГАЛ, УГТАХ ХААЛГАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАНААГҮЙ БАЙНА-

Ерөөс "МАН татвар төлөгчдийн мөнгөөр сонгууль хийх нарийвчилсан төлөвлөгөө" гаргасан гэх Д.Пүрэвдорж гишүүний шүүмжлэл ҮНЭН юм.

Учир нь 2020 оны улсын төсөв нь улсын эдийн засаг болоод иргэдийн амьдралд бодитоор үр өгөөжөө өгөх томоохон төсөлд зарцуулагдахааргүй байсан. Харин 2020 сонгуульд зориулсан жижиг, сажиг буюу тоглоомын талбайн тохижилт, худаг барих, хашаа хайс хийх, гүүр тавих, клубийн шал засах гэх мэт ажилд ихэнхдээ хуваарилагдсан. УИХ-ын гишүүд ч өөрсдөө үүнийг хүлээн зөвшөөрч төсвийн хуваариалтыг “шог” байна хэмээн хатуухан шүүмжилж, ширүүхэн үгийг хэлсээр байсан билээ.

Дээрээс нь малчдад, хүүхдэд, нийгмийн эмзэг бүлгийнхэнд, халамж авагчдад гээд бүгдэд нь бэлэн мөнгө тараасан. Энэ нь МАН сонгуульдаа ялахын тулд ТАТВАР төлөгчдийн мөнгийг л ашигласан төдий ажил юм.

Гэтэл тэд алдаагаа засахыг хүссэнгүй мөн л төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг хангалттай танаж чадсан уу гээд харвал 500 гаруй тэрбум төгрөгөөр хассанаар хязгаарлажээ. Гурван их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаас шаардлагагүй зардлуудыг танах ёстой ч ихэнх нь хэвээр байна. Соёлын төв, хөшөө дурсгал, угтах хаалга зэргийн төсвийг хамгийн эхэнд танах ёстой ч танаагүй л байна. Аймгийн угтах хаалга, 4 тэрбум төгрөгөөр барьж буй “Л.Оюун-Эрдэнийн хөшөөг” энэ хүнд цагт яагаад хойшлуулж болохгүй вэ.

Энэ мэт шүүмжлэлтэй ажлуудаас ганц жишээ авбал, Архангайн найман сумын оюутнуудын дотуур байр барих ажлын зардлыг танаагүй төсвийн тодотголоор оруулж ирсэн байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД дарж үзнэ үү.

-САЙД АСАН Ё.БААТАРБИЛЭГ АРХАНГАЙ АЙМГИЙНХАА ХАРЪЯА ОЮУТНУУДАД ДОТУУР БАЙР БАРЬЖ ӨГӨХ АЖЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ-

Энэ байрыг Хавдрын эмнэлгээс мөнгө харамлан байж барих гэж буйг бид өмнө нь мэдээлж байсан. Хавдрын эмнэлгийг 19 тэрбум төгрөгөөр өргөтгөх үү, Архангайн найман сумын оюутанд байр барьж өгөх үү гэдэг хоёр ажлыг жинлэж үзвэл яг одоогийн нөхцөлд аль нь илүү чухал шаардлагатай вэ.

Нэг жилийн өмнө, Монголдоо ганц Хавдрын эмнэлгийг өргөтгөж, үйл ажиллагааг нь сайжруулахад шаардлагатай 19.8 тэрбум төгрөгийг тус эмнэлгийн захирал асан Ж.Чинбүрэн болон түүний хамт олон улсын төсөвт суулгахыг гуйсан ч хасч орхисон удаатай.

Тэр бүү хэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хүнд өвчний нэр хэлээд мөнгө нэхдэг хандлага нь буруу” хэмээн хэлж хавдарын өвчнийг анагаах салбарт өдөр, шөнөгүй хөдөлмөрлөж буй олон зуун эмчийн урмыг хугалж байсан.

Хавдар судлалын үндэсний төв нь өнөөдөр “хар зах” шиг дүр зурагтай байгаа гэхэд хилсдэхгүй. Хүмүүс зөрөх зайгүй битүү чигжсэн энэ эмнэлэг хэтийдсэн ачаалалтай ажиллаад олон жилийг үдсэн. Өөрсдийн нөөц боломж бололцоог үргэлж давуулан ажиллаж ирсэн ХСҮТ-ийн хамт олон ЭНЭ жил гол эмчилгээний хэсгүүдээ 10 мянган м.кв бүхий шинэ байранд нүүлгэн шилжүүлж, ороо 120-оор нэмэгдүүлэн, олон улсын стандартад нийцсэн орчин үеийн эмнэлгийн байрыг түрээсээр ашиглах шинэ шийдэлд шилжихээр ажиллаж байсан.

Тодруулбал, “Энэрмед” ХХК-ийн хавдрын өвчтэй иргэдэд зориулан барьсан шинэ эмнэлгийг түрээслэн ажиллахаар болсон ч улс шаардлагатай 19.8 тэрбум төгрөгийг улс төрчид төсөвлөж өгөөгүй юм.

Засгийн газар, Сангийн яам, УИХ-ын гишүүд хавдрын өвчнөөр шаналж буй иргэдээсээ мөнгө харамласан мөртлөө өөрсдийн тойрогт хийгдэх нэг их хэрэгцээгүй ажилд төсвөө суулгуулсан ганц жишээ БСШУС-ын сайд асан Ё.Баатарбилэгийнх байлаа.

Ё.Баатарбилэг Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайдаар ажиллаж байхдаа өөрийн багцад Архангай аймгийн Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт, Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал сумдын Улаанбаатарт хот дахь оюутнуудын дотуур байрын барилгыг Хан-Уул дүүрэгт барихад шаардлагатай есөн тэрбум төгрөгийг төсөвт сулгахаар төсөвлөслүүлсэн. Гэтэл энэхүү зардлыг энэ удаагийн төсвийн тодотголоор таналгүй дахин оруулж иржээ.

Аймаг, аймгаар нь оюутнуудыг ангилан байр барьж өгөхийн оронд нэгдсэн том оюутны хотхон барих ажлыг санаачлах нь зүйтэй гэж олон нийт ярьдаг билээ.