БАРИМТ: Б.Пүрэвдорж үнэнийг хэлсэн. Т.Аюурсайханыг огцруул

БАРИМТ: Б.Пүрэвдорж үнэнийг хэлсэн. Т.Аюурсайханыг огцруул

-ҮНДСЭН ХУУЛИАС ДАВСАН ДЭГИЙН ХУУЛЬ БАЙХГҮЙ-

Өчигдөр /2020.08.17/ УИХ-ын чуулганы хуралдаанаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “МАН төсвийн мөнгийг сонгуульд ашиглаж ялалт  байгуулсан” хэмээн шүүмжилсэн.

Түүний энэхүү шүүмжлэл өндрөө авч эцэст нь УИХ-ын чуулганы хуралдаанд суух эрхээ долоо хоногоор хасуулхад хүргэсэн юм.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хууль зөрчсөн үйлдлээ зөв болгох гэж төсвийн тодотголыг оруулж ирж байна. Засгийн газар ковидыг далимдуулаад маш том эрхийг авсан. Үүгээр сонгуулийн санал худалдаж авах ажлыг хийсэн. Би гуравхан жишээ хэлье. Нэгдүгээрт, 16 нас хүртэлх хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж нийт 67 мянган өрхөд өгсөн. Энд 20 тэрбум төгрөг зарцуулсан. Хоёрдугаарт, Ч.Улаан сайд дуугүй л байх байсан. Гэтэл алдаатай үг хэлснээсээ болоод ноолуурын үнэ дээр алдаа гаргасан. Сонгуулиар малчдын саналыг алдана гэж үзээд нийт 175 тэрбум төгрөгийг 203 мянган малчинд өгсөн. Нэг өрхөд дунджаар 800 мянган төгрөг өгсөн. Энэ нь малчдын саналыг авах гэсэн авлигал.  Хоол хүнсээр дэмжих хүнс тэжээлийн мөнгө гэж бий. Хүүхдэд 16 мянган төгрөг өгдөг байсныг 32 мянган төгрөг болгосон. Том хүнд 32 мянган төгрөг өгдөг байсан 64 мянган төгрөг болгосон. Энэ ажлыг баг, хорооны дарга нараар дамжуулж хийлгэсэн. Тэднээр “Манай нам ингэж өгч байгаа юм. Дэмжээрэй” гэдэг үг дайлгасан. Үүгээрээ дамжуулж сонгуулийн луйвар, санал худалдан авах ажиллагааг явуулдаг. МАН-ын проткол бий. “Бид төсвийн хөрөнгөөр ард иргэдийг тайвшруулах, санал худалдан авах ажлыг хийж байгаа. Та бүхэн сайн ажиллана шүү” гэж бичсэн проткол надад бий. 5 сарын 1-ээс хойш 200 гаруй тэрбум төгрөгийг 62 гишүүнийг энд суулгахын тулд ашигласан. Энэ мэт олон жишээг ил гаргаж хэлнэ. АН-ыг 100 саятай нь холбон балбаж, балбачихаад ардуур нь төсвийн мөнгөөр сонгууль хийсэн.  ЖДҮ-чид, концесчид сонгогдсон шалтгаан нь төсвийн мөнгөөр сонгууль хийсэнтэй холбоотой ” гэсэн юм.

Түүнийг ингэж хэлэх үеэр УИХ-ын дэд дарга, хуралдаан даргалагч Т.Аюурсайхан “Хүн гүтгэх Дэгийн хуулиар хориотой болсон шүү” хэмээн хэдэнтээ сануулсан.

Хуралдаан даргалагчийн уг үйлдэлд эгдүүцсэн Б.Пүрэвдорж гишүүн хурлын индэр рүү гүйж гаран Т.Аюурсайхантай маргалдаж “Үнэн ярьсныг илтгэх баримтууд байна. Тухайлбал, төсвийн тодотголын гүйцэтгэлд тоо баримттайгаа байна. Юм аа унш. Микрофон ашиглаж хүн гүтгэж болохгүй” хэмээн хэлсэн юм.

Харин хуралдаан даргалагч Т.Аюурсайхан үүнд нь бухимдан “Баримттай тоогоо хэл. Эрх бүхий байгууллагаар шалгуулах эрх чинь байна. Ханддаг байгууллагад нь ханд. Өөрсдөө хүүхэд, эмзэг бүлгийнхнийг дэмж гэж шаардсан. Шаардсаны дагуу дэмжсэн. Таны УИХ-ын чуулганы хуралдаанд оролцох эрхийг 7 хоногоор хасч байна.” хэмээн мэдэгдэж алх цохьсон юм.

-Т.АЮУРСАЙХАНЫ ШИЙДВЭР ӨӨРТ НЬ АЮУЛ ДАГУУЛАВ-

Т.Аюурсайханы энэхүү үйлдэл нь олон хүний шүүмжлэлийг дагуулаад байна. Олон нийтийн сүлжээнд "Т.Аюурсайханыг огцруулъя. Парламентын түүхэнд анх удаа ийм "хар" шийдвэр гарч байна. Үндсэн хуулиас давсан Дэгийн хууль гэж байхгүй. УИХ-ын гишүүний чуулганы хуралдаанд оролцох эрхийг хасдаг хууль хаана байна" гэх мэтээр бичиж эхэллээ.

 

Тухайлбал, хуульчид, гишүүн асан, хүний эрхийн зүтгэлтнүүд энэ талаар байр, сууриа идэвхтэй илэрхийлсээр байна. 

Тэд "Б.Пүрэвдорж гишүүнийг сонгосон 18 мянган иргэний үг хэлэх эрхийг хаан боогдуулж байна. Ардчилсан нийгмийн үнэт зүйлийг Т.Аюурсайхан зэрэг “коммунистууд” гишгэллээ" хэмээжээ. 

-Б.ПҮРЭВДОРЖ ГИШҮҮН БАРИМТТАЙ ЯРЬСАН-

Эсрэгээрээ УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы энэ үйлдэл өөрөө Үндсэн хууль зөрчих магадлалтай аж. УИХ-ын тухай хуулинд “гишүүн хуралдааны үеэр бусдыг гүтгэж, доромжлохыг хориглоно” гэж заасан байдаг. Гэхдээ гишүүний хуралдаанд оролцох эрхийг хасна гэх заалтыг одоогоор хуульчид гаргаж ирж тавиагүй байна.

Өчигдрийн тухайд Б.Пүрэвдорж гишүүн нь хэн, нэгнийг доромжилж гүтгээгүй гэдэг нь холбогдох баримтаар нотлогдож байна. Тухайлбал, доорх баримтыг харвал 2020 оны төсөвт Б.Пүрэвдорж гишүүний өчигдөр ярьсан бүхий л зардал төсөвлөгдөн зарцуулагдсан байна.