Я.Содбаатар: Тусгаарлах байрны хоол амтлах ажлын хэсгийг байгуулсан

Я.Содбаатар: Тусгаарлах байрны хоол амтлах ажлын хэсгийг байгуулсан

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанаар КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг ярилцаж байгаа юм.

-ИРЭХ ОНЫ ЭХНИЙ ХАГАС ХҮРТЭЛ ХИЛЭЭ НЭЭХГҮЙ БАЙХ-

Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар "Улсын онцгой комисс шаардлагатай бүхий л арга хэмжээг аван ажиллаж байна. Иргэдийн гомдлын дагуу тусгаарлах байрны тав тух, цэвэрлэгээг хуваарийн дагуу шалгаж байна. Мөн хоол, ундтай холбоотой гомдлын мөрөөр хоол амтлах ажлын хэсгийг хүртэл байгуулан ажиллаж байна. 

Өнөөдрийн байдлаар дэлхийн улсуудад туршигдаж байгаа 9 вакцин байгаа. Энэ дотроос манай хоёр хөрш вакцин хийсэн. Тиймээс дипломат харилцааны шугамаар хоёр хөршид хүсэлтээ тавьсан. ОХУ-аас энэ долоо хоногт манай улстай шууд харилцах байгууллагыг нэрлэж явуулна уу гэсэн бичиг надад ирсэн. Удахгүй хариуг нь явуулна.

Ирэх оны эхний хагас хүртэл манай улсын хил гаалын асуудал хүндрэлтэй явах нь гэж төлөвлөж байгаа. Бид  иргэдээ татаж авчрахаар эрчимтэй ажиллаж байна.

Зургадугаар сард 2000 гаруй иргэнийг, долдугаар сард 3000 иргэнээ татаж авсан. Энэ сард 4500 иргэнээ татаж авахаар ажиллаж байна. Таван нөхцөлийг хангах иргэдийн тоо нэлээд буурсан. Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сан гэж бий. Энэ сангийн мөнгө дууссан учраас хандивын мөнгөнөөс 300 сая төгрөгийг нэмж өгсөн" гэлээ.