С.Одонтуяа: Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээж, цагаатгуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна

С.Одонтуяа: Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээж, цагаатгуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.2.3, 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос төр, нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал, түүний гэргий А.И.Цэдэнбал-Филатова нарын нэр төрийг сэргээж, цагаатгуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, өргөдөл хүсэлт гаргажээ.

Энэ талаар УИХ-ын дэд дарга, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа мэдээлэл хийв.

Ю.Цэдэнбалын үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд болон судлаач, түүхч эрдэмтэд, төрийн бус байгууллагуудаас Ю.Цэдэнбал агсан болон түүний гэргий Цэдэнбал-Филатова нарыг цагаатгуулах асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд удаа дараа хандаж байсан хэдий ч албан ёсоор шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрсэн юм.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст Ю.Цэдэнбалын үр хүүхэд болон ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас дахин шинээр өргөдөл, хүсэлт ирүүлсэнтэй холбогдуулан шүүхэд хандаж байгаа ажээ.

1984 онд Ю.Цэдэнбалыг албан үүргээс нь чөлөөлөөд зогсохгүй,  эх орондоо амьдрах эрхийг нь хязгаарлаж, паспортыг нь хураан авч 1991 онд насан эцэслэх хүртэл нь 7 жилийн турш эхнэр А.И.Цэдэнбал-Филатовагийн хамт гэрийн хорионд байлгаж байв. Тэдний төрөөс хүртсэн алдар цол, гавьяа шагнал, тэтгэврийг хасах, хувийн эд хөрөнгийг хураах, үзэн ядуулах ажлыг хэвлэлээр зохион байгуулж чичлэх зэргээр хүний жам ёсны эрх, эрх чөлөөг хаан боогдуулсан, шударга бусаар хэлмэгдүүлж байсан нь баримтаар тогтоогджээ.

Монгол Улсын хөгжил дэвшил, хүүхэд залуучуудын төлөө санаачилж хийсэн ажлуудыг нь үнэлж А.И.Филатовад олгосон төрийн цол, шагналыг БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар хураан авч, хассан. Өнөөдрийг хүртэл уг зарлигийг хүчингүй болгож буцаан сэргээхийг хичээхгүй байна.

Нутагтаа амьдрах эрхийг нь хааж, эх орондоо ирэх боломжийг нь хориглосон, гэр бүлийнх нь нэр төр, алдар хүндэд халдаж, гэрийн хорионд оруулсан, эд хөрөнгийг нь хураан авсан зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, НҮБ-ийн “Олон Улсын Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг олон зүйл заалтаар ноцтой зөрчсөн юм.

Уг нь 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр УИХ-ын дэд дарга Л.Цогийн захирамжаар хуульч, эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүн бүхий ажлын хэсгийг байгуулж, “Ю.Цэдэнбалыг улс төрийн талаар цагаатгах бүрэн үндэстэй” хэмээх санал дүгнэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргэсэн байдаг. Гэтэл Ю.Цэдэнбал, түүний гэргий А.И.Цэдэнбал-Филатова нарын нэр төрийг сэргээж, цагаатгасан хууль ёсны шийдвэр өнөөг хүртэл гараагүй байна.

Иймд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу, цагаатгуулах тухай гомдлыг иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.  

С.Одонтуяа энэ талаар "Үндсэн хуулиар хамгаалагдсан Монгол Улсын иргэний эрх зөрчигдсөн, эрх чөлөө боогдсон ноцтой асуудалд анхаарал хандуулж, үр дагаврыг хуулийн хүрээнд арилгах нь ардчилсан Монгол Улсын ард иргэд, үр хойчид хүний эрхийг дээдлэх, шударга ёсонд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд шүүхийн шийдвэр маш ач холбогдолтой байх болно.

Түүх, цаг хугацаа хэмээх шудрага шүүх Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшил, ард түмний сайн сайхны төлөө ухамсарт амьдралаа зориулсан хоёр буурайг хэдийнээ цагаатгасан. Одоо Иргэний хэргийн шүүх ажлаа хиймээр байна" гэлээ.