Л.Мөнхтүшиг: Тусгаарлах байрны хүрэлцээнээс хамаарч нислэгийн тоог нэмэгдүүлнэ

Л.Мөнхтүшиг: Тусгаарлах байрны хүрэлцээнээс хамаарч нислэгийн тоог нэмэгдүүлнэ

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Одоогийн байдлаар 62 удаа тусгай үүргийн нислэг үйлдэж, 12,976 иргэнээ авчирсан.  Өнөөдрийн байдлаар 48 улсаас 12,409 иргэн нутаг буцах хүсэлтээ өгөөд байна. Есдүгээр сард 12 удаагийн нислэгээр 3,120 иргэнийг татан авахаар төлөвлөөд байна.

Хил хаагдсанаас хойш хугацаанд буюу 2020 оны гуравдугаар сарын 15-наас наймдугаар сарын 26-ны өдрийг хүртэл 12,793 иргэн эх орондоо ирсэн. Энэ хугацаанд 4,168 иргэн гадаадын улс оронд зорчоод байгаа. Эдгээр иргэнээс эх нутагтаа ирэх хүсэлтээ өгч байна. Мөн хүмүүнлэнгийн шалтгаанаар буюу хүнд өвчтэй иргэдээ гадаадад зорчиход нь Гадаад харилцааны яам тусалж, тухайн улсын ЭСЯ-тай хамтран ажиллаж байгаа. Энэ хугацаанд хэд хэдэн иргэнийг БНХАУ-д зорчуулж, хүнд хагалгаанд оруулан, амжилттай болсон тохиолдол бий" гэлээ.

Есдүгээр сард хийхээр төлөвлөж буй нислэгүүд:

  • 09.02 Сөүл- Улаанбаатар
  • 09.08 Хонг Конг /транзит/- Улаанбаатар
  • 09.09 Токио- Улаанбаатар
  • 09.14 Франкфурт- Улаанбаатар
  • 09.15 Сөүл- Улаанбаатар
  • 09.17 Хонг Конг /Транзит/- Улаанбаатар
  • 09.18 Истанбул- Улаанбаатар
  • 09.21 Токио- Улаанбаатар
  • 09.23 Франкфурт- Улаанбаатар
  • 09.24 Сөүл- Улаанбаатар
  • 09.25 Седней- Улаанбаатар
  • 09.28 Сиэтл- Улаанбаатар

Тусгаарлах байрны хүрэлцээнээс хамааран тусгай үүргийн нислэгүүдийн тоо нэмэгдэж магадгүй. Өнгөрсөн 62 удаагийн нислэг болон Алтанбулаг, Замын-Үүдийн боомтуудаар ирсэн иргэдийн тоо одоогийн байдлаар 19,437 хүрлээ. Үүнээс тусгай үүргийн нислэгээр ирсэн 12,976 иргэн байна. Эдгээр хүмүүсийн дотор:

  • Эрүүл мэнд шалтгаантай – 1336
  • Хөгжлийн бэрхшээлтэй 317
  • Бага нас хүүхэдтэй гэр бүл 2046
  • Өндөр настан 1044
  • Жирэмсэн 503
  • Гадаадын иргэн 183
  • Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай (оюутан, сурагч, ар гэрийн гачигдал, санхүүгийн асуудал, байрлах газаргүй болсон, визний хугацаа дууссан) – 7547 иргэн байна.