Б.Пүрэвдорж: Үг хэлэх эрхээ хасуулсан долоо хоногийн хугацаанд би болон Ховд аймгийнхан маш их хохирсон

Б.Пүрэвдорж: Үг хэлэх эрхээ хасуулсан долоо хоногийн хугацаанд би болон Ховд аймгийнхан маш их хохирсон

Энэ сарын 18-ны өдрийн /2020.08.27/ УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “МАН төсвийн мөнгийг сонгуульд ашиглаж ялалт  байгуулсан” хэмээн шүүмжилсэн. Түүний энэхүү шүүмжлэл өндрөө авч, эцэст нь УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Б.Пүрэвдоржийн  чуулганы хуралдаанд суух эрхийг долоо хоногоор хассан юм. 

Энэ талаар Б.Пүрэвдорж байр, сууриа илэрхийллээ. Тэрбээр "Тэмцэх ёстой. Би баримтгүй зүйл ярьдаггүй. Бүх мэдээллийг баталгаажуулсны дараа ярьдаг.  Гэтэл намайг гүтгэлээ гэсэн. Хуралдаан даргалагч хурлын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй болохоос ард түмнээс сонгогдсон гишүүний үг хэлэх эрхийг хасах эрхгүй.  Эрх баригчдын үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэлийг хэлсний төлөө үг хэлэх эрхээ хамгийн ихээр хасуулж байгаа хүн бол би.

Ээлжит бус чуулганы хугацаанд үг хэлэхээ эрхээ тав дахь удаагаа хасуулаад байна. Бүх хүн алга ташдаг нийгмийг санагалзаж байгаа бол түүнийгээ зарлах хэрэгтэй. Эрх баригчид социализмээ буцаан байгуулах сонирхол их байх шиг байна.

Бидний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хаагдаж буй нь энэ нийгэм рүү маш хурдан буцаж орохын шинж. Дэгийн тухай хуулийг Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд өгч байна. Дэгийн хуулийг засахгүй бол сөрөг хүчнээ үг хэлүүлэхгүй юм байна лээ. Эрхийг маань хассан долоо хоногийн хугацаанд би болон манай Ховд аймгийн ард иргэд маш ихээр хохирсон. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Үндсэн чиглэлд Ховд аймагтай холбоотой асуудлыг тусгуулж, үгээ хэлж чадсангүй " гэлээ.