ХӨШИГНИЙ АРД: ТЕГ-ын даргын төлөөх марафон МАН-д эрчимжиж байна

ХӨШИГНИЙ АРД: ТЕГ-ын даргын төлөөх марафон МАН-д эрчимжиж байна

-Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ТАГНАЖ, ЧАГНАСАН АСУУДАЛ Д.ГЭРЭЛИЙГ
АЖЛАА ӨГӨХӨД ХҮРГЭСЭН ҮҮ-

Өнгөрсөн мягмар гаригийн Засгийн газрын хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг үүрэгт ажлаас нь өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн. Тэрбээр хүсэлтээ өгөхөөс өмнөх хэд хоногт явах бэлтгэлээ хангаж туслахаа өөр байгууллага руу ажилд оруулан өөрийн эд зүйлсээ зөөж эхэлсэн гэдэг.

Д.Гэрэл нь өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх гэж буй тухай мэдээлэл өмнө нь хэд, хэдэн удаа сонсогдож байв. Харин чухам яагаад энэ үед өөрийн хүсэлтээр ажлаа өгөв гэдэг нь битүүхэндээ анхаарал татаж буй.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Гэрэлд ажлаа өгөх шалтгаан, шахалт үгүй бөгөөд үргэлжлүүлэн хийх хүсэл байжээ.

Гэтэл Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнан тусгай ажиллагаа явуулсан асуудал эрх баригч нам дотор өндрөө авсан нь ажлаа өгөхөд хүргэсэн гэх мэдээлэл байна.

Л.Оюун-Эрдэнэ нь МАН-ын удирдах түвшний албан тушаалтан өөрийг нь чагнасан байх магадлалтай хэмээн нэр дурдаад Тусгай хяналтын дэд хороонд өргөдөл өгсөн гэдэг. Дэд хороо түүний өргөдлийг хянаад прокурорт шилжүүлсэн бөгөөд ажлын хэсэг гарч уг асуудлыг шалгаж байгаа юм.

Ямартай ч Л.Оюун-Эрдэнийг чагнасан асуудал ТЕГ-ын дарга Д.Гэрэл, дэд дарга Б.Энхсүх нарыг ажлаа өгөхөд хүргэсэн тухай мэдээлэл байна.

-ТЕГ-ЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛЫГ ТЭРГҮҮН
ДЭД ДАРГА П.ОДОНБААТАР ОРЛОНО –

Энэ сарын 12-ны өдөр Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргаар П.Одонбаатарыг томилсон нь Д.Гэрэлийг явуулахаар бэлтгэж байсных гэж тус байгууллагынхан ярьж байна.

Харин Тагнуулын ерөнхий газрын даргыг томилох хүртэл П.Одонбаатар орлохоор яригдаж байгаа аж. Мөн МАН Тагнуулын ерөнхий газрын даргыг яаран томилохгүй бололтой. УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг ТЕГ-ын даргаар томилж магадгүй ч гэх яриа улс төрийн хүрээнд яригдаж байна.