МАН: СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ

МАН: СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж байна. Хуралдаанаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн болон СЕХ-ны нарийн бичгийн дарга гэсэн дөрвөн хүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар "СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тэтгэвэртээ гарч байгаа. Гаднаас ямар нэгэн шахалт ороогүй. Өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байгаа. УИХ-ын сонгуулийн өмнө ажлаа хүлээлгэн өгөх саналаа илэрхийлж байсан боловч сонгуулийн дундуур албан тушаалын халаа сэлгээ хийгээгүй" гэв.

СЕХ-ны дараагийн даргаар хэнийг сонгох асуудлыг үдээс хойш УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэх юм байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга Анхдугаар чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага нэн даруй огцрох шаардлага үүсэж байна. 2009 оноос хойш Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага солигдоогүй байгаа нь өнөөгийн ялзрал, асар их биеэ тоосон, надад хэн хэлэх вэ гэсэн ийм хандлага үүсгэсэн байна. Үүнийг цааш нь үргэлжлүүлж, ийм арга барилаар хэрхэвч ажиллаж болохгүй" гэдгийг хэлж байсан удаатай.