ТАНИЛЦ: Ардчилсан нам гишүүдээ шинэ төмөр замын ажилтай танилцуулсан хөтөлбөр

ТАНИЛЦ: Ардчилсан нам гишүүдээ шинэ төмөр замын ажилтай танилцуулсан хөтөлбөр

-АРДЧИЛСАН НАМ ТУСГАЙЛАН УДИРДАМЖ ГАРГАН 150 ГИШҮҮНЭЭ
ТӨМӨР ЗАМЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦУУЛЖЭЭ-

Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны сонгуульдаа бэлтгэж эхлэв. 21 аймаг, есөн дүүргийн алдарт эхэд одон гардуулах, “Шинэ төмөр замын бүтээн байгуулалт”-тай хавь ойрын хамаг улс төрчийг танилцуулах гээд түүний сонгуулийн бэлтгэл нарийн төлөвлөгөөний дагуу, өндөр зохион байгуулалттай явагдаж байна. Ерөөс тэрбээр “Төмөр замыг бариулсан хүн”, “Тэтгэврийн зээл тэглэсэн, зээлийн хүүг бууруулсан” гэх гол сэдвийг өмчлөн ирэх жилийн сонгуульд оролцох нь. Саяханаас сэтгүүлчдийг, төрийн албаны ажилтнуудыг, хувийн хэвшлийнхнийг, Ардчилсан намын гишүүдийг ээлж, ээлжээр нь Зүүн баянд авч очин шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцуулсан нь ийм л учиртай юм.

Тухайлбал, 21 аймаг, есөн дүүргийн Ардчилсан намын нийт 150 гишүүнийг шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцуулах ажлыг өнгөрсөн долдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан. Ардчилсан намын хэрэг эрхлэх газраас уг ажлыг зохион байгуулж П.Нүрзэд даргалав. П.Нүрзэд нь Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн багийн гишүүн бөгөөд долдугаар сард Ардчилсан намын хэрэг, эрхлэх газрын даргаар томилогдсон юм. Түүний гарын үсэгтэй удирдамж батлагдсаны дагуу нийт 150 гишүүнийг аймаг, сум бүрээс цуглуулан Дорноговь аймгийн Зүүн баянд аваачжээ.                                                          

Үүнд:

  • Аймаг нийслэл, сум хорооны ИТХ-ын төлөөлөгчид
  • Аймаг, нийслэлийн ИТХ-д нэр дэвших магдлалтай гишүүд
  • Сум, дүүргийн ИТХ-д нэр дэвших магадлалтай гишүүд
  • Орон нутгийн бүх шатны сонгуулийн штаб болон нэр дэвшигчийн менежерээр ажиллах намын гишүүд
  • Аймаг нийслэл, сум дүүргийн намын удирдлага, тэргүүлэгчид, намын дэргэдэх байгууллагын тэргүүнүүд, гишүүд ихэвчлэн багтсан байна.

-150 ГИШҮҮНИЙ ЗАРДЛЫГ АРДЧИЛСАН НАМААС ГАРГАСАН-

Аялалд дуудагдсан гишүүдийн орон нутгаас Нийслэл Улаанбаатар хотод  хүрэлцэн ирэх, очих зардал болон бусад холбогдох зардлыг дунд шатны намын байгууллагууд хариуцсан бол “Шинэ төмөр замын бүтээн байгуулалттай танилцах” аялалын зардлыг Ардчилсан намын Хэрэг Эрхлэх Газраас гаргасан байгаа юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ардчилсан нам уг ажилд хэдэн төгрөг гаргасан нь одоогоор тодорхой бус. Гэхдээ төдийлөн ач холбогдолгүй ажилд өчнөөн сая төгрөгийг урсгасан нь бол тодорхой байгаа юм.

Тэд доорх маршрутын дагуу явж шинэ төмөр замын бүтээн байгуулалттын ажилтай танилцжээ.

  1. ХӨДӨЛГӨӨНИЙ ЗУРАГ

Иймэрхүү маягаар Ардчилсан намын гишүүд төмөр зам тавигдаж буй газар руу яваад иржээ.

Эднээс өмнөхөн буюу долдугаар сарын 20-21-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар Дорноговь аймагт ажиллан Тавантолгой-Зүүн баян чиглэлийн дээрх замтай танилцсан. Түүний өмнө буюу зургаадугаар сарын 13-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн л очин тус замтай танилцсан.

Ер нь бол улс төрчид нь бөөн, бөөнөөрөө очин танилцаад байх зүйл тус замд одоогоор үгүй. Зам барих ажил бүрэн гүйцэтгэлээрээ 50 хувьдаа ч дөхөөгүй. Ийм байхад газар шорооны ажил харахаар улсын төсвийн өчнөөн төгрөгийг гарлагадан тийш гүйж очоод байх шаардлага бий юу.

Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар гэх тодотголыг хэлэн толгойтой бүхэн гүйлдэж буй нь “муухай” харагдаж байна. Ийнхүү сүүлийн хоёр сард тус замтай ТАНИЛЦАХ хүн олширч, танилцдаг л ажилтай болсон нь Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуулийн бэлтгэлтэй холбоотой аж.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замыг Эрдэнэс Тавантолгойн 750 тэрбум төгрөгөөр Монголын төмөр замын бондыг худалдаж авах зарчмаар барих зөвлөмжийг ҮАБЗ-өөс гаргасан.

Ингээд зөвлөмжийн дагуу Засгийн газар тогтоол гаргаж байсан билээ. Гэтэл өмнө нь Тавантолгой Гашуунсухайт чиглэлийг 267 км төмөр замыг барьж эхлээд овоолсон шороо үлдээсэн бөгөөд энэ замаа үргэлжлүүлэх бус дахиад өөр чиглэлд төмөр зам барих шийдвэрийг ҮАБЗ болон Засгийн газраас гаргасан энэ юм.