ТЕГ-ын даргаар хурандаа, манлай уяач П.Одонбаатарыг томиллоо

ТЕГ-ын даргаар хурандаа, манлай уяач П.Одонбаатарыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.09.02/ 08.00 цагаас хуралдаж эхэлсэн. Хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын даргаар тэргүүн дэд дарга П.Одонбаатарыг томилсон байна. Түүний хувьд нэг сар орчмын өмнө Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргаар томилогдсон юм.  

П. Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Цэргийн байгууллагад нийт 25 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой. Цагдаагийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч, 2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга, 2018-2019 онд Тагнуулын ерөнхий газрын албаны дарга, 2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан нэгэн.

Хуулийн дагуу дараагийн Тагнуулын ерөнхий газрын дараагийн даргыг томилохдоо Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, Засгийн газрын хуралдаанаар томилно. Тагнуулын ерөнхий газрын даргаар төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, сүүлийн таван жил төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх зохицуулалттай. Мөн Тагнуулын байгууллагын тухай хуулиар шинэ дарга нь 14.6.Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол тэдгээрийн бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 14.1, 15.2-т заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжлэх зохицуулалттай.

Дашрамд дуулгахад П.Одонбаатар улсын манлай уяач цолтой юм. Түүний хурдан хүлгүүд улс, аймгийн наадамд олон удаа түрүүлж, айрагдсан удаатай. Тэрбээр 2016 онд улсын алдарт уяач цолыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос, манлай уяач цолыг 2018 онд Ерөнхийлөгч Х.Баттулгаа авч байжээ.