Г.Амартүвшин: Хөгжлийн банкны зээлийг төлүүлдэг болгоно

Г.Амартүвшин: Хөгжлийн банкны зээлийг төлүүлдэг болгоно

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хөгжлийн банкийг зөв бодлоготой болгох ёстой. Хөгжлийн ирээдүйн үе шатанд шаардлагатай төслийг санхүүжүүлэх, зөвлөмжийн дагуу ажил явуулах болно. Би ажлаа авсныхаа дараа Монгол банкны Ерөнхийлөгчтэй уулзсан. Монгол банк болон Сангийн яам Хөгжлийн банкийг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Зээлийн багцийн чанар дээр анхаарч ажиллаж эхэлсэн. Засгийн газрын шалгалтаар илэрсэн чанаргүй том зээлүүдийг хэрхэн, яаж төлүүлэх вэ гэдэг асуудлыг цэгцлэх шаардлага бий. Мөн Хөгжлийн банкнаас зээл авах шалгуур, шаардлагуудыг хэрхэн өөрчлөх болон зээлин багцийг яаж сайжруулах вэ гэсэн асуудлууд тулгараад байна.

2019 оны нэгдүгээр улирлын байдлаар Хөгжлийн банкны нийт актив 4 их наяд 244 тэрбум, зээлийн багц хоёр их наяд 577 тэрбум, эрсдлийн сан 336 тэрбум, чанаргүй зээлийн хэмжээ 292 тэрбум төгрөг байна. Өөрийн хөрөнгө нэг их наяд 138 тэрбум төгрөг байгаа.

ЭРЭЛ, ХӨТӨЛ КОМПАНИЙН ЗЭЭЛИЙГ ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ТӨЛҮҮЛНЭ

Зээлээ төлөхгүй байгаа Эрэл компани 2015 оноос хойш зээлийн төлбөрөө хийгээгүй. Засгийн газар болон Хөгжлийн банкнаас хамтарсан ажлын хэсэг гараад энэ зээлийг төлүүлэх талаар ярилцаж байна. Төрийн өмчит хамтарсан компани байгуулах талаар ярилцаж байна. Хэрвээ төрийн өмчит хамтарсан компани байгуулахгүй гэвэл шүүхийн шугамаар зээлийг нь төлүүлнэ гэж бодож байна. Мон-Лаа компанитай эвлэрлийн гэрээ байгуулаад эхний сарын төлбөрүүд нь хийгдэж байна. Энэ жилдээ багтаагаад уг зээлийг төлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Хөтөл компанийн хувьд улсын комисс үйлдвэрийг нь хүлээж аваад Хөгжлийн банкны зээлийн барьцаа хөрөнгийг сайжруулах тал дээр ажиллана. Энэ ажил удааширвал шүүхийн шугамаар асуудлыг шийдвэрлэнэ.

Зээлийн бодлогыг шинэчилж журамд нь өөрчлөлт оруулсан, чанаргүй зээлтэй ажилладаг ажилчдын орон тоог нэмэгдүүлнэ, ирээдүйд санхүүжүүлэх хөтөлбөрийн хуулийн болон бодлогын шаардлагыг өөрчилнө.

Хөгжлийн банкны зээлийг төлөхгүй байж болдог гэсэн ташаа ойлголт байдаг. Үүнийг эрс өөрчилнө. Татвар төлөгчдөөс зээлийн хөрөнгө бүрддэг учир заавал төлдөг гэж ойлгох ёстой. Зээлийн хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн болоод бодлогын шаардлага хангасан төсөл хөтөлбөрт санхүүжилт олгоно. Төсөл хөтөлбөрүүд эдийн засагт үр өгөөжтэй байх ёстой. 20 тэрбумаас дээш зээлийг шууд олгоно. Доош бол хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудаар дамжуулна. Үүнээс гадна бид дунд, урт хугацаанд шаардлага хангасан Эрчим хүчний салбар, ХАА, Уул уурхайн бус экспортын төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна Монгол улсын хүн амын амьдралд шууд нөлөө үзүүлэхүйц томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ" гэлээ.