"Ирэх сарын 1-нд АНУ-ын гаалийн татвар нэмэгдэнэ" гэж Солонгос, Японы удирдагчдад Д.Трамп захидал илгээж эхэлжээ

"Ирэх сарын 1-нд АНУ-ын гаалийн татвар нэмэгдэнэ" гэж Солонгос, Японы удирдагчдад Д.Трамп захидал илгээж эхэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ирэх сарын 1 /2025.08.01/-нээс эхлэн Өмнөд Солонгос, Японы импортын бараанд 25 хувийн гаалийн татвар ногдуулах төлөвлөгөөгөө зарласан байна. Тэрбээр эдгээр улс орны удирдагчдад хандан илгээсэн захидлуудаа өөрийн “Truth Social” платформоор дамжуулан нийтэлжээ.

Д.Трамп захидалдаа Токио, Сөүл хоёрын АНУ-тай хийж буй худалдааны харилцаа “харамсалтай нь харилцан уялдаа холбоогүй” байгааг онцолж, илүү шударга, тэнцвэртэй худалдааны нөхцөл шаардсан байна. 

Тэрээр өмнө нь буюу өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-нд АНУ-д импортолж буй бараанд их хэмжээний тариф тогтоохоо зарлаж, энэ өдрийг “Чөлөөлөх өдөр” хэмээн нэрлэж байсан юм. Гэвч энэ арга хэмжээгээ 90 хоногийн хугацаанд түр хойшлуулахаар шийдсэн бөгөөд тус шийдвэр удахгүй дуусгавар болох юм.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Ливитт өнөөдөр /2025.07.08/ Ерөнхийлөгч Д.Трамп татварыг наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулах захирамжид гарын үсэг зурахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн.

Харин Д.Трамп Өмнөд Африк, Малайз, Казахстан, Мьянмар, Лаос зэрэг хэд хэдэн улсын удирдагчдад мөн захидал илгээж, ирэх наймдугаар сараас эхлэн АНУ-д хийж буй экспортынх нь бараанд шинэ гаалийн татварууд ногдуулахаа анхааруулжээ. Мөн тэрээр БРИКС-ийн орнуудын бодлогыг дэмжиж буй улс орнуудад 10 хувийн нэмэлт татвар ногдуулна гэж өмнө нь мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: BBC