Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх нэр дэвших сургаар Ерөнхий сайдын өрсөлдөөн МАН-д эхэлжээ

Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх нэр дэвших сургаар Ерөнхий сайдын өрсөлдөөн МАН-д эхэлжээ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 30 дугаар зүйлийн 2-т "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэж заасан.

Энэхүү өөрчлөлт энэ сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлээд байгаа юм.  Нөгөөтэй, парламентад суудалтай МАН, АН, МАХН, ХҮН гэсэн улс төрийн дөрвөн нам Ерөнхийлөгчийн сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлж өрсөлдөнө. Тэгвэл эдгээр улс төрийн намуудын дунд Ерөнхийлөгчид нэр дэвших эрхүүдийн нэрсийг ярилцаж байгаа бололтой. 

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС Х.БАТТУЛГА, Ц.ОЮУНГЭРЭЛ,
МАН-ААС У.ХҮРЭЛСҮХ НАР ӨРСӨЛДӨХ ҮҮ-

Ирэх 2021 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар өрсөлдөх амбицтай нь тодорхой болсон. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд аль хэдийн сонгуулийн бэлтгэл ажилдаа орсныг ээжүүдэд “Эхийн алдар одон” гардуулах, төмөр замын төслийг ажлыг яаравчлуулж буйгаас нь харж болно. Харин эрх баригч МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр бэлтгэж эхэлсэн гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаад удаж байна. 

Тодруулбал,  МАН-ын гишүүд, У.Хүрэлсүхийг тойрон хүрээлэгчид "Та Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвш. Х.Баттулга дараа жил сонгогдвол зургаан жил Ерөнхийлөгчийн ажлыг хийнэ. Түүний дараа таны нэр хүнд одоогийнх шиг байх уу гэдэгт анхаар" хэмээн шахаж байгаа гэдэг. Тийм учраас У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр бэлтгэж эхэлсэн гэх.

Угтаа бол УИХ-ын сонгуулийн өмнө У.Хүрэлсүх нь Х.Баттулгыгаа ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд бүх талаас нь дэмжиж, өрсөлдөгчөөр нь МАН-аас сул хүн томилж зориудаар ялагдуулна гэж тохирсон гэх. Хариуд нь Х.Баттулга УИХ-ын сонгуульд У.Хүрэлсүхийгээ дэмжиж ялуулахаар болсон гэх мэдээлэл бий. Гэтэл УИХ-ын сонгуульд ялж, санасандаа хүрсэн У.Хүрэлсүх хэлснээсээ буцаж ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд сул гишүүнээ бус өөрөө өрсөлдөхөөр сэм бэлдэж эхэлсэн нь тус эрхмүүдийг хоёр талдаа гаргахад хүргэсэн байна.

-ЕРӨНХИЙ САЙДЫН ТӨЛӨӨХ МАРАФОН Г.ЗАНДАНШАТАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ,
Т.АЮУРСАЙХАН НАРЫН ДУНД ЭХЭЛЖЭЭ-

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших учраас дараагийн Ерөнхий сайдын төлөөх өрсөлдөөн ЭРХ БАРИГЧ МАН ДОТОР Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Т.Аюурсайхан нарын дунд аль хэдийн өрнөж эхэлжээ. Т.Аюурсайханы хувьд Ерөнхий сайдад зүтгэх амбицтайгаа саяхан ил болгож өнөөдрөөс суурь ажлуудаа эхлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Уг марафон эцэстээ МАН-ын зовлон ч болж мэднэ. Учир нь зодоон одооноос эхэлсэн бөгөөд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан асуудал үүнээс үүдэлтэй Гүйцэтгэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгаа болон “Эрдэнэт” үйлдвэрт томилсон Засгийн газрын ажлын хэсгийн ахлагчаар Ж.Энхбаярыг тавьсан зэрэг үйл явдлаас харахад тэд аль хэдийн бужигнаж эхэлснийг илтгэнэ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Л.Оюун-Эрдэнийг МАН-ын залуус дэмжиж, Г.Занданшатарыг Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар зүтгүүлж байгаа аж. Харин өнөөдрөөс Т.Аюурсайхан нэмэгдэж ил тоглож эхэлнэ. Ямартай ч эрх баригч намын залуусын Ерөнхий сайдын төлөөх өрсөлдөөн ийнхүү сонирхолтойгоор бужигнах нь.