Д.Гансүх: Майк Помпео Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад бараалхаж эдийн засгийн төслүүдийг нэмэгдүүлэх талаар ярилцана

Д.Гансүх: Майк Помпео Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад бараалхаж эдийн засгийн төслүүдийг нэмэгдүүлэх талаар ярилцана

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео аравдугаар сарын 7-ны өдөр Монгол Улсад айлчлахаар болсонтой холбогдуулан Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын дарга Д.Гансүх "АНУ-ын Төрийн бичгийн дарга  Майк Помпео дагалдах төлөөлөгчдийн хамт аравдугаар сарын 7-нд Монгол Улсад ирж, тус өдрөө буцна.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт бараалхана. Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны талаар яриа өрнөнө. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 онд АНУ-д айлчлах үеэр манай улс АНУ-тай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Үүнээс өмнө 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д албан ёсны айлчлал хийж, хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэх замын зураглалын баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ бичигт эрчим хүч, хөдөө аж ахуй, мэдээллийн технологийн салбаруудад хамтран ажиллах чиглэл багтсан. Эдгээр өндөр дээд хэмжээний айлчлалаар яригдсан хамтын ажиллагааны асуудлыг илүү хөндөж ярих төлөвлөгөөтэй байгаа.  

АНУ-ын Мянганы сорилтын сангийн 350 сая ам.долларын санхүүжилттэй төсөл Монгол Улсад хэрэгжиж байгаа.Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх, саарал усны үйлдвэр байгуулах, усны эх үүсвэрийг гүний худаг гаргаж нэмэгдүүлэх зэрэг ач холбогдол өндөртэй төслүүд хэрэгжиж байгаа. Эдгээр төслийн явцын талаар хоёр тал ярилцана.

1990-иэд оноос хойш АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг манай улсад өмнө нь ажиллаж байсан. Энэ байгууллага Монгол Улсад төлөөлөгчийн газраа дахин нээхээр болж байгаа. Орчин үеийн Монголын эдийн засгийг ил тод, оновчтой байх, жижиг дунд бизнесүүдийг дэмжсэн төслүүд хэрэгжүүлэх чиглэлд анхаарч ажиллах юм.

Айлчлалтай холбоотойгоор коронавирусийн халдвараас сэргийлэх, бэлтгэх ажлыг хангах баг, Ажлын хэсэг ажиллаж байна. Энэ Ажлын хэсэг манай улсад мөрдөгдөж байгаа бүх дүрэм журмыг айлын талд тайлбарлаж, харилцан тохиролцоод явж байна. Айлчлалд оролцсон хүмүүс журмынхаа дагуу тусгаарлагдаад явна" гэлээ.