Х.Баттулга: Юун архины савлагаа, юун дээлийн хээ. Бидэнд үүнээс чухал асуудал их байна

Х.Баттулга: Юун архины савлагаа, юун дээлийн хээ. Бидэнд үүнээс чухал асуудал их байна

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. Намрын чуулганаар нийт 112 хуулийн төсөл, тогтоолыг хэлэлцэх юм. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.

Тэрээр "Монгол Улс эдийн засгаа сэргээх, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд ажиллах шаардлагатай байна. Шинэ УИХ энэ чиглэлд ажиллаж, алдагдалгүй төсөв батлах ёстой тул үүнийг сануулах гэж өнөөдөр үг хэлж байна. Орон нутгаар ажиллаж 7 мянга гаруй иргэдтэй уулзаж, тэдний үгийг нь сонслоо. Малчдын орлого болох малын түүхий эд үнэгүйдэж, хөсөр хаягджээ. Өнгөрсөн жилүүдэд ганц аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлж чадсангүй.

Төсвийн сахилга бат алдагдаж, аймаг сумын төсвийг иргэдийн тулгамдсан асуудалд зарцуулах байтал, асар үнэтэй гоёмсог хаалга барихыг чухалчилж байна. Орхон аймагт шинээр барьж байгаа цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгыг 140 сая төгрөгөөр хийсэн байна. Үүнд иргэд эгдүүцэж байгааг дурдах нь зүйтэй.

Төсөвт хүйтэн сэтгэлээр хандаж болохгүй. Мэргэжлийн хяналтынхан дулаан, халууны шугамгүй газар барилга барих зөвшөөрөл олгож байна. Үүнийг би дээр, дооргүй сөрөг хүчингүй болж, олонхоор түрж шийдвэр гаргаж байгаагийн уршиг гэж харж байна.  Та бүхэн ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 4.8 их наядын алдагдал тусгасан. Төсөвт ийм хүйтэн сэтгэлээр хандаж байгаа чинь доод шатандаа төсвийг үр ашиггүй зарцуулах шалтгаан болж байна. Та бүхний тавьсан өрийг ард түмэн ажил хийж төлдөг.

Одоо дахиад улсын төсвийг алдагдалтай батлах уу. Монгол Улс цаашид ч гаднын зээл тусламжаар аргацаах уу. Улс оронд шийдэх олон асуудал байна. Хамгийн суурь асуудлаа эрэмбэлж сурах хэрэгтэй. Юун архины савлагаа, юун дээлийн хээ, юун кэмбриж хөтөлбөр. Бидэнд үүнээс илүү шийдэх чухал асуудал их байна. Та бүхэн дэлхий нийттэй хөл зэрэгцэн алхахгүй юм аа гэхэд ядаж, араас нь хөөж, хурдтай ажиллах хэрэгтэй байна. Та бүхэн төсөвт хүйтэн сэтгэлээр хандахаа болих хэрэгтэй" гэлээ. 




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө