Японы сайд манай улсад айлчилж, хулгайлагдсан иргэдийнхээ асуудлаар тусламж хүснэ

Японы сайд манай улсад айлчилж, хулгайлагдсан иргэдийнхээ асуудлаар тусламж хүснэ

Японы Гадаад хэргийн сайд Тосимицу Мотэги ирэх долоо хоногийн сүүлээр Монгол улсад айлчлах боломжийг судалж байгаа талаар  Kyodo агентлаг мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Монгол Улсад хийх айлчлалын үеэр Японы Гадаад хэргийн сайд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Гадаад хэргийн сайд Н.Энхтайван нартай уулзахаар төлөвлөж байгаа аж. Айлчлалын хүрээнд хийх хэлэлцээрийн үеэр Улаанбаатар болон Пхеньян түүхэн найрамдалт харилцаатай тул БНАСАУ-ын тагнуулын алба япончуудыг барьцаалсан асуудлыг шийдвэрлэхэд зуучлалын үүрэг гүйцэтгэхийг Монголын эрх баригчдад уриалахаар эрмэлзэж байгаа юм байна.

БНАСАУ-ын тагнуулын албад япончуудыг барьцаалсан асуудал нь хоёр орны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг бөгөөд чухамхүү энэ асуудлаас болж Япон, Хойд Солонгос албан ёсны дипломат харилцаагүй өдийг хүрсэн юм.

2002 онд Пхеньян анх удаа Японы ердөө 13 иргэнийг барьцаалсан гэдгээ хүлээн зөвшөөрч, тэдний тавыг нь эх оронд нь буцаасан. Үлдсэн хүмүүсийг нас барсан гэж зарлан, цогцосны үлдэгдлийг ар гэрийнхэнд нь илгээсэн ч чухамхүү барьцаалагдсан хүмүүсийн цогцос мөн эсэхийг батлаж чадаагүй юм. Монгол Улс,  Хойд Солонгосын хувьд дипломат харилцаа тогтоосон хоёр дахь улс юм. Тодруулбал, 1948 оны 10 дугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоож, 1951 онд ЭСЯ-аа харилцан нээсэн түүхтэй. Түүнээс хойш хамгийн амжилттай айлчлалыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хийсэн нь Монгол улсын хүмүүнлэгийн тусламж олон улсад өндрөөр үнэлэгдэхэд хүргэсэн юм. Түүний санаачилга зүтгэлээр Хойд Солонгос-Японы хаалттай уулзалтыг Улаанбаатарт хоёр удаа зохион байгуулж, 1977 онд Хойд Солонгосчуудад хулгайлагдсан Япон охины хүүхдийг Улаанбаатарт авч ирж, өвөө эмээтэй нь уулзуулсан түүхтэй.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө