Гурван даргын шийдвэр валютын ханшийг хөөрөгдөх дохио болов уу

Гурван даргын шийдвэр валютын ханшийг хөөрөгдөх дохио болов уу

2018 оны Арван хоёрдугаар сард тухай үеийн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаны хүмүүс “Салхитын мөнгөний орд”-дод галт зэвсэгтэй тусгай албан хаагчдыг дагуулан очиж, Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/-аас өдөрт хэдэн арваараа гардаг “Ашиглалтын тусгай зөвшөөрлийн цуцлах тухай” албан тоотыг хүргэж өгөх далимаар, төрийн хүчийг үзүүлсэн видео хийсэн нь зарим иргэдийн цөсийг хөөргөөд авсан удаа бий. 

-МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛААД БУУТАЙ ДАРГА НАРТ НЬ БУЛААЛГАНА ГЭХ СЭДЭЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ТӨРСӨН ҮҮ-

Харин энэ сэдвээрээ УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй хүмүүс сүүлийн жилүүдэд өөртөө оноо авах улс төрийнх нь гол сэдэв болоод буй. Гэтэл нөгөө талд манай улсын экспортын 90 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн салбарт хөрөнгө оруулах гэсэн гадаадын хөрөнгө оруулагчдыг олон жилээр үргээсэн, “Монголд хөрөнгө оруулах юм бол, хэзээ нэг өдөр дарга нар нь буутай хүмүүстэй ирээд булаачих юм байна. Цаашлаад хөрөнгө оруулагчдын зарцуулсан хэдэн зуун сая ам.доллар салхинд хийсэх юм байна” гэх ойлголтыг өгсөн байж болзошгүй. 

-ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШДЭГ КОМПАНИУДЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ХУРААХ УУ-

Гэтэл өчигдөр /2020.10.06/ Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын тэргүүлдэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ хуралдаж, “газрын ховор элементийг төр мэдэлдээ авах шийдвэр гаргасан” гэх мэдээлэл байна.  

Манай улс газрын ховор элементийн нөөцөөрөө АНУ-аас хоёр дахин их бөгөөд 3 сая гаруй тоннын нөөцтэй, газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 10 гаруй компани байдаг бөгөөд тэдний лицензийг цуцлахаар яригдаж байгаа гэх мэдээлэл ч гарсан юм.  Харин энэ шийдвэр бодиттой бол хөрөнгө оруулагчид энэхүү шийдвэр цуцлагдах хүртэл орж ирэхгүй нь бололтой. Харин манай улсын хувьд гол валют болдог бүтээгдэхүүн нь уул уурхай бөгөөд, хөдөө аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүнүүд экспортод гарч их хэмжээний валют болж чаддаггүй байна. Энэ шийдвэр нь цаашлаад төгрөгийн ханш суларч, валютын ханш өсөх дохио боллоо гэх эх сурвалжууд ч байна.