Тусгай замын автобус хийх төслийн санхүүжилтээр "Агаарын дүүжин тээвэр" барих гэж оролджээ

Тусгай замын автобус хийх төслийн санхүүжилтээр "Агаарын дүүжин тээвэр" барих гэж оролджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэл Улаанбаатар хотод болсон “тэг зогсолт”-ын улмаас иргэд ихээр бухимдаж, нийслэлийн удирдлагууд замын түгжрэлийг бууруулах арга замыг яаралтай эрэлхийлж эхэлсэн билээ. Үүнтэй зэрэгцэн нэг хэсэг олны дургүйцлийг төрүүлээд байсан “Агаарын дүүжин тээвэр”-ийн асуудал дахин сөхөгдөв.

-ДЭЛХИЙН УЛС ОРНУУД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭДЭГ “АГААРЫН ДҮҮЖИН ТЭЭВЭР”-ИЙГ МАНАЙ УЛС НИЙТИЙН ТЭЭВЭРТЭЭ ХЭРЭГЛЭХЭЭР ӨНГӨРСӨН ДӨРӨВДҮГЭЭР САРААС АЖИЛЛАЖ ЭХЛЭХ БАЙВ-

Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан нийслэлийн алслагдсан бүсүүдэд агаарын дүүжин тээвэр барих төслийг танилцуулж шуугиан тарьж байв. Энэхүү дүүжин тээврийн төслийн нийт өртөг нь 60.7 сая евро буюу 180 орчим тэрбум төгрөг. Францын Засгийн газрын санхүүжилтээр 2020-2021 онд “Дүүжин тээвэр” ТЭЗҮ-г хийж дуусгах бөгөөд тус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийнэ гэж мэдэгдсэн. Үндсэндээ Францын тал үндсэн зээлийн төлөлтөөс 12 жил чөлөөлөх нөхцөлтэйгээр 60.7 сая еврогийн зээлийг олгох бөгөөд хөнгөлөлттэй зээл нь жилийн 0.07 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай байна гэж танилцуулсан юм.

Тухайн үед Нийслэлийн Засаг дарга байсан С.Амарсайхан “Бид сонгуулиас сонгуулийн хооронд ямар нэг асуудлыг ярьдаг байж болохгүй. Улс төрийн оноо авах гэж болохгүй, бүтэхгүй зүйлсийг ярьж иргэдээ хуурч мэхэлдэг цаг өнгөрсөн. Агаарын дүүжин тээвэр Улаанбаатарт бүрэн хэрэгжих боломжтой. Бид тооцоо судалгаагаа хийсэн.

Агаарын дүүжин тээврийн ажлыг бид ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байна.

Дөрөвдүгээр сард эхэлсэн тохиолдолд 2021 оны зургаадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3,4  дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно” хэмээн хэлж байв. Гэсэн хэдий ч нийтийн тээврийн шинэчлэлт манай улсад одоог хүртэл хийгдээгүй байгаа бөгөөд цас, бороотой өдрүүдэд нийслэлийн автомашинууд 2-4 цаг түгжирч “тэг зогсолтыг” хийсээр байна.

-2018 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН “НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР”-ИЙН ДАГУУ МАНАЙ УЛСАД ЭНЭ ОНООС “ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС ЯВЖ ЭХЛЭХ БАЙЖЭЭ-

Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал бол олон жил яригдаж буй томоохон сэдэв. Үе үеийн сайд дарга нар энэхүү асуудлыг шийдэх гэж олон гарц, гаргалгаа ярьж байсан ч хийж, хэрэгжүүлсэн нь ховор.

Угтаа бол 2018 онд “Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” хэмээх төслийн дагуу манай улсад энэ онд “Тусгай замын автобус буюу BRT /Bus Rapid Transit/” явж эхлэх байжээ. Хэрэвээ агаарын дүүжин тээвэр гэх үлгэрийг яриагүй байсан бол шүү дээ. 

Энэхүү төслийг 2018 онд Зам, тээврийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлэхээр гадны мэргэжилтнүүдийг авчирж, Улаанбаатар хотод хамгийн тохиромжтой нийтийн тээврийг судалж эхэлсэн байна. Үүний дагуу манай улсад хамгийн хурдан хугацаанд түгжрэлийг 20-30 хувь бууруулах арга нь тусгай замын автобус хэмээн сонгогджээ. Тусгай замын автобус BRT нь дэлхийн 180 гаруй улс оронд хэрэглэгддэг ба 2020 онд эхний ээлжинд Нисэх-Долоон буудал чиглэлд 15 буудалтай байхаар нэвтрүүлнэ хэмээж байв. Харин дараагийн шатанд хотын төв замуудад тойрог хэлбэрийн маршрутаар 60 орчим буудалтай байхаар төлөвлөжээ. Энэ автобус нь замын голоор тусгайлан зассан, зөвхөн өөрийн зориулалтын замаар зорчих бөгөөд бусад тээврийн хэрэгсэлтэй зам булаалддаггүй онцлогтой юм байна. 

-ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС БАРИХААР АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС 247 САЯ АМ ДОЛЛАР АВСАН БОЛОВЧ ЭНЭХҮҮ МӨНГӨӨР “АГААРЫН ДҮҮЖИН ТЭЭВЭР” БАРИХ ГЭЖ ОРОЛДООД САНХҮҮЖИЛТИЙГ БУЦААСАН БАЙНА-

Ингээд энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэн, Азийн хөгжлийн банкнаас 247 сая ам доллараар санхүүжүүлэхээр болсон боловч хотын удирдлагууд энэ ажлыг гацааж, санхүүжилтийг царцааж орхижээ.

Харин сүүлд энэхүү санхүүжилтийн 247 сая ам долларыг “Агаарын дүүжин тээвэр” гэх төсөл рүү татах гэж оролджээ.

Харамсалтай нь энэхүү агаарын гэх тээврийг дэлхийн улс орнууд нийтийн тээвэр бус аялал жуулчлалын зориулалтаар хэрэглэх нь их, мөн манай улсын цаг агаарын нөхцөлд тохиромжгүй, мөн санхүүжилтийг удаан хугацаанд царцаасан гэсэн шалтгаанаар Азийн хөгжлийн банкнаас дээрх мөнгийг татахаар болсон аж. Энэ мэтчилэн улсын хөгжилд саад болж, өөрсдийн эрх ашигт нийцүүлэн, мөнгө идэх гэж оролддог удирдлагуудаас болж Улаанбаатар хотын мянга, мянган иргэд гэртээ харих гэж 2-6 цаг түгжирч, бороо цас орохвий гэхээс дотроо битүүхэн айж, явган хүнд тохиромжгүй энхэл донхолтой замаар бүдэчсээр өдөр хоногийг өнгөрүүлж байна...!