Х.Баттулга: Өөрчлөлтийг сонгуулиар хийдэг нь ардчиллын зарчим

Х.Баттулга: Өөрчлөлтийг сонгуулиар хийдэг нь ардчиллын зарчим

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баянзүрх дүүргийн 25-1-2 хэсгийн санал авах байранд саналаа өглөө. Тэрээр саналаа өгснийхөө дараа:

"Үндсэн хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу саналаа өглөө. Орон нутгийн сонгууль бол маш чухал сонгууль. Гэтэл 15 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 35 хувьтай байна. Энэ бол хангалтгүй байна гэсэн үг. Сонгуульд оролцоогүй, сонгуулиар энэ нийгмийн харилцааг өөрчлөөгүй байж дараа нь хариуцлага нэхэх нь уялдаагүй асуудал.

Жишээлбэл, саяхан нийслэлээс худалдаж авсан сурагчдын автобусны үнийн тал дээр маргаан гарч байна. Гэтэл хэрэв нийслэлийн иргэдийн төлөөлөгчид маань олон намын тогтолцоотой байж, тендерт хяналттайгаар энэ асуудлыг хэрэгжүүлсэн бол ийм маргаан гарч, иргэдийг талцуулахгүй байх жишээтэй. Өөрчлөлтийг сонгуулиар хийдэг нь ардчиллын зарчим. Тиймээс орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцохыг урьж байна.” гэлээ.