Н.Алтанхуяг: Ч.Хүрэлбаатар цагийг нь тулгаж төсвийн хуулиа өгч байна. Танилцах хугацаа алга

Н.Алтанхуяг: Ч.Хүрэлбаатар цагийг нь тулгаж төсвийн хуулиа өгч байна. Танилцах хугацаа алга

Чуулганы нэгдсэн хуралдаанаар 2021 оны улсын төсвийг хэлэлцэж байна. Хуралдаанд Ерөнхий сайд болон Засгийн газрын бүх гишүүд оролцож байгаа юм. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг асуулт асуув. 

Тэрбээр “Шинэ их хурал байгуулагдсанаас хойш нийт 353 сая ам.долларын зээл авах шийдвэр гаргачихлаа. Айлаас эрэхээр авдраа уудал гэж дотроо байгаа мөнгөө хямгадаж чадахгүй байж гаднаас аваад баймааргүй байна. Одоо 2.1 их наядын алдагдалтай төсвийг хэлэлцэж эхлэх гээд сууж байна. Энэ бол дахиад л өр. Дотооддоо төсвийн хөрөнгө оруулалтдаа анхаарах хэрэгтэй байна.  

Долоон ширхэг обьектын төсвөөс хийгдсэн хөрөнгө оруулалтын талаар асуумаар байна. 
  • Хууль зүй, дотоод хэргийн яамны барилга
  • Тагнуулын ерөнхий газрын барилга, 
  • Монголбанкны барилга, 
  • Яармаг дахь хотын захиргааны барилга, 
  • Налайхын зам,
  • Сургуулийн автобусыг тус бүр хэдэн төгрөгөөр авсан үүний тоог хэлж өгөөч. 
  • Мөн Яармагт барьж байсан шүүхийн байрыг барих юм уу. Концессын төсөвт өртөг яагаад маш их хэмжээгээр нэмэгдсэн бэ. 

Үүнээс гадна Ч.Хүрэлбаатар сайд аа төсвийн тухай хуулиа өмнө нь өгч баймаар байна. Цагийг нь тулгаад байна. Танилцах хугацаа алга” гэж асуулаа. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: "2021 оны төсвийн тухай хуулийн төслийг хуулийн хугацаандаа буюу аравдугаар сарын 1-нээс өмнө өргөн мэдүүлсэн. Мэдүүлмэгц УИХ-ын вэб сайтад байршуулсан. Өнөөдөр аравдугаар сарын 16. Өнгөрсөн 16 хоногийн дотор ил болгосон асуудлыг уншиж танилцах нь таны үүрэг. 

Эдийн засаг дэлхий нийтээр агшиж байгаа энэ үед дотоод эдийн засгаа дагаж агшааж болдоггүй юм. Тэгвэл борц болчихно. У.Хүрэлсүхийн Засгийн газар хөрөнгө оруулалтуудад концессын гэрээ нэг ширхэг ч байгуулаагүй. Өмнө нь байгуулагдсан гэрээнүүд ам.доллараар хийгдсэн. Долларын ханш өөрчлөгдөхөөр дагаж өөрчлөгдөөд байгаа юм. 

Монголбанкны барилгыг улсын төсвөөс санхүүжүүлээгүй учраас хариулах боломж алга.   

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын барилгыг орон нутгийн төсвөөс барьсан. Үүнийг НИТХ-аас асуувал илүү тодорхой хариулт өгөх байх. Сургуулийн автобусыг ч орон нутгийн төсвөөс авсан. Нийслэлийн өөрийнх нь төсвөөс гарсан.  

Таны асуусан ажлуудаас зөвхөн ХЗДХЯ-ны барилгад төсвөөс мөнгө гарсан. 4.2 тэрбум төгрөг гарсан" гэв. 

Сангийн сайдын хариултын дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэмэлт тайлбар өгөв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "УИХ-ын гишүүдийн тавьж байгаа асуултад сайд нар тодорхой хариулах хэрэгтэй. Сангийн сайд янз янзын юманд уурлаад эмзэглээд байх шаардлага байхгүй. УИХ гишүүн асуусан бол тодорхой хариулт өгч байх ёстой.  

2017 онд ажил авснаас хойш манай Засгийн газар ямар нэгэн концессоор ажил хийгээгүй. Төрийн албан хаагчдын тоо 196 мянга хүрсэн байна. Энэ нь яагаад өсөөд байдаг гэхээр жил бүр төрөлт нэмэгдэж, сургуульд орж байгаа хүүхдийн тоо өсөж байна. Цагдаа, онцгой, багш, эмч, сувилагч зэрэг үйлчилгээний байгууллагын ажилчдын тоо жил ирэх тусам өсөж байна" гэсэн юм. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа шүүхийн цогцолбор барилгын ажил 2013 онд эхлүүлээд 4.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. 2015-2019 онуудад төсөв байхгүй зогссон. 2020 онд төсөв тавьсан ч ШЕЗ-ийн дарга энийг тавих шаардлагагүй гэхээр нь авсан.  

Төрийн албан хаагчдын нийт орон тоо  171.3 мянга. Үүнээс боловсролын 75 мянга, эрүүл мэндийн салбарт 10.7 мянга, цэрэг цагдаа 30 гаруй мянга, төрийн захиргаа 21 мянга, үйлчилгээний албан хаагч 19.9 мянга, бусад нь 10.8 мянга байна" гэлээ.