“Монгол төр өртэй мэт өвөө нар”-аас хэзээ салах вэ

“Монгол төр өртэй мэт өвөө нар”-аас хэзээ салах вэ

1990 оноос хойш 30 орчим жил Монголын төрийг МАН болон түүний гишүүд удирдан чиглүүлж байна. Өнөөдрийн иргэдийн амьжиргааны түвшин, хотын хөгжил гээд иргэдийн бухимдалтай асуудлууд тус намын бодлоготой шууд хамаатай гэж хэлж болно. 

Гэсэн хэдий ч 2016, 2020 оны УИХ, Орон нутгийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж байгаа нь иргэдийн олонх нь тус намыг одооч сонгож байгаа юу гэлтэй. Харин МАН-ын ачаар төрийн өндөр суудал дамжсаар өдгөө бараг 30-аад жилийн нүүрийг үзэж байгаа “Монголын төр тэдэнд ямартай өртэй вэ” гэлтэй улстөрч нэлээн хэд бий. 

-ТЭТГЭВЭРТ ГАРЧ, УЛСААС ТЭТГЭМЖЭЭ АВСАН ӨВГӨН Ч САЙДЫН ЗӨВЛӨХ ХИЙЖ, УЛСААС ЦАЛИН АВЧ БАЙНА-

Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.1-д заасан нийгмийн халамжийн тэтгэвэр авах насны болзлоор бол тэд 2020 онд 61 нас 6 сартай болоод тэтгэвэртээ гарах ёстой.Гэтэл тэд өнөөдөр ч Монголын төрөөс цалин авсаар байна. 

ТУХАЙЛБАЛ, 

  1. УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан 2020 оны УИХ-ын сонгуулиар Баянгол дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, ялагдал хүлээсэн ч одоо УИХ-ын даргын орон зөвлөх гэх албан тушаал хашиж, улсаас цалин аваад сууж байна. Учир нь Д.Лүндээжанцан нь 1957 оны арван нэгдүгээр сарын 25 ны өдөр төрсөн бөгөөд өнөөдөр 63 настай. 
  2. УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж энэ жилийн сонгуульд Орхон аймагт нэр дэвшин өрсөлдөж, ялагдал хүлээсэн ч тэрээр Ерөнхий сайдын зөвлөх гэх албан тушаал хашиж, төрөөс цалин авч буй. Ц.Нямдорж нь 1956 оны наймдугаар сарын 10 ны өдөр төрсөн бөгөөд өнөөдөр тэрээр 64 настай. 
  3. УИХ-ын гишүүн, дэд дарга, Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ийн дарга асан Ж.Бямбадорж өнөөдөр ЗТХ-ын сайд Л.Халтарын орон тооны зөвлөх хэмээх албан тушаал хашиж, төрөөс цалинжиж байна. Тэрээр энэ оны дөрөвдүгээр сард ХЭҮК-ийн даргын албан тушаалаа өгч, улсаас 50 гаруй сая төгрөгийг “Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж” нэрээр авсан байдаг. Тэрээр 1954 онд төрсөн бөгөөд өдгөө тэрээр 66 настай. 
  4. УИХ-ын дарга, гишүүн асан Д.Дэмбэрэл 2012 оноос хойш парламентын гишүүний албан тушаалаасаа буусан. Гэсэн хэдий ч тэрээр өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн гэх албан тушаалтай байна. Д.Дэмбэрэл нь 1941 онд төрсөн өдгөө тэрээр 79 настай. 
  5. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан Н.Багабанди МАН-ын гишүүдийн нэг. Тэрээр 2010 - 2013 онд Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн анхны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сард Оюу толгой ХХК-ийн ТУЗ-д дахин томилогдсон байдаг. Тэрээр 1950 оны дөрөвдүгээр сарын 22 ны өдөр төрсөн бөгөөд өдгөө 70 настай. 
  6. УИХ-ын гишүүн асан А.Тлейханыг2019 онд Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар дахин гурван жил ажиллуулах шийдвэрийг У.Хүрэлсүх гаргасан байдаг. Тэрээр 1953 онд төрсөн өдгөө 67 настай. 
  7. УИХ-ын гишүүн, Шадар сайд асан Ө.Энхтүвшинг Франц улсад суух элчин сайдаар томилох шийдвэрийг Засгийн газраас гаргасан гэх мэдээлэл бий. Тэгвэл тэрээр 1958 онд төрсөн, өдгөө 62 настай. 
  8. Манай улсын төсвийг бүрдүүлэгч, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар Х.Бадамсүрэн гуай томилогдоод багагүй хугацааг өнгөрөөж байна. Тэрээр 1955 онд төрсөн, өдгөө 65 настай. 

Үргэлжлэл бий…