БНСУ-ын иргэнд бэлгийн дарамт үзүүлсэн цэцийн гишүүн Д.Одбаяр хэзээ ажлаа өгөх вэ

БНСУ-ын иргэнд бэлгийн дарамт үзүүлсэн цэцийн гишүүн Д.Одбаяр хэзээ ажлаа өгөх вэ

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаяр өнгөрсөн оны яг энэ үед /2019.10.31/ “Korean Air” компанийн нисэх онгоцоор Сөүл хотыг зорих замдаа БНСУ-ын иргэн, онгоцны үйлчлэгч эмэгтэйн биед халдаж, бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр баривчлагдаж байв.

Түүний энэ үйлдлийг  нисэх онгоцны ажилчид цагдаад мэдэгдсэнээр онгоц БНСУ-д газардсан даруйд Д.Одбаярыг баривчилсан юм. Энэ явдлыг тус улсын бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд орон даяар мэдээлж, БНСУ-д ажиллаж, амьдардаг 47 мянган монголчуудыг “нүүр хийх газаргүй” болгосон. Хэрэг даамжирсаар 47 мянган иргэн төдийгүй бүхэл бүтэн Монголчуудын нэр хүнд дэлхий даяар унасан гэж хэлж болно.

Учир нь БНСУ Д.Одбаяр гэдэг хувь хүн биш, Монгол Улсын ҮХЦ-ийн дарга хүн гэдгээр нь дэлхий даяар ярьж, бичиж байв.

Үндсэн хууль гэдэг ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндэс эх суурь. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн дарга хүн ийм байж боломгүй үйлдэл гаргасан явдал нь уучилж боломгүй алдаа байлтай. Гэсэн ч энэ  асуудал коронавирусийн сүүдэрт дарагдаж, мартагдаж орхисон.

Гэтэл Д.Одбаяр Үндсэн хуулийн цэцийн дарга суудлаа тавьж өгсөн ч өнөөдрийг хүртэл Үндсэн хуулийн цэцийн гишүүн байсаар байна. Ёс зүй, хүний эрхийг хамгийн ихээр эрхэмлэн дээдлэх ёстой төрийн өндөр албан тушаалтан харийн нутагт тийм бусармаг үйлдэл хийчхээд хариуцлага хүлээхгүй өдийг хүрсэн нь Монгол төрийн эмгэнэл гэлтэй.