Говь-Алтай аймгийн төрийн алба хаагчид ЦАЛИНГАА авч чадахгүй байна

Говь-Алтай аймгийн төрийн алба хаагчид ЦАЛИНГАА авч чадахгүй байна

Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Говь-Алтай аймагт Ардчилсан нам ялалт байгуулсан. Тодруулбал, Ардчилсан нам 29, МАН 11, Бие даагч нэг суудал авсан юм. Энэ дагуу аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж Засаг даргаа сонгох ёстой. Гэтэл сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн тус аймгийн Иргэдийн төлөөлөгчид нь хурлаа хуралдуулж чадахгүй нөхцөл байдал үүсээд удаж байна. 

Тодруулбал, 2016-2020 онд тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажилласан Л.Батжаргал тамгаа авч яваад ажилдаа ирэхгүй төрийн ажлыг гацаагаад байна. Түүнээс болж тус аймгийн санхүү, төсвийн баримт бичгүүдэд гарын үсэг, тамга дарах ажил гацсанаас үүдэн төрийн албан хаагчид цалингаа авч чадахгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. 

Аймаг болон сумдын сургууль, эмнэлэг, захиргаа гэх мэт төрийн бүхий л салбарт ажиллагсад цалингаа авч чадалгүй хагас сар болж байгаа аж. Тиймээс улс төржилтөө нэн даруй зогсоож иргэдэд хүндрэл үүсгээд буй уг асуудлаа шийдвэрлэхийг нутгийнхан шаардсан байна. 

Бид энэ талаар Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дарга Г.Чинбатаас тодруулахад мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Харин тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын албаны дарга А.Амарзаяа “Л.Батжаргал өрөөндөө ажлаа хийгээд л сууж байсан. Ардчилсан намын гишүүд орж, гараад уулзаж л харагдана лээ. Харин яагаад тамга тэмдгээ авч, өгөхгүй байгааг би тайлбарлаж мэдэхгүй. Миний хувьд тамга, тэмдэг хүлээлцэх албан бичгийг хууль бусаар гаргаж чадахгүй. Тушаал, шийдвэр нь гарч байж л албан бичиг үйлдэнэ” гэсэн юм.