УИХ-д гологдсон С.Батхүлэгийг нутгийнхан нь дэмжив үү, Ерөнхийлөгч зүтгүүлэв үү

УИХ-д гологдсон С.Батхүлэгийг нутгийнхан нь дэмжив үү, Ерөнхийлөгч зүтгүүлэв үү

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүгчид нэр дэвшигчидтэй танилцсан. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчид нэр дэвшигчээр Ц.Цогт, С.Батхүлэг нарыг танилцуулсан. Харин УИХ-ын гишүүдийн зүгээс Ц.Цогтыг дэмжиж буйгаа илэрхийлсан бол С.Батхүлэгийг дэмжихгүй хэмээн эсэргүүцсэн юм. 

С.Батхүлэгийг өмнө нь ч дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд өчигдөр дахин нэрийг нь оруулж ирсэн нь энэ юм. 

Учир нь С.Батхүлэг нь Голомт банкны өмгөөлөгч, хууль зүйн газрын даргаар ажиллаж байсан хэдий ч Дээд шүүхийн шүүгч болоход хуульчаар ажилласан жил нь хүрэхгүй, шаардлага хангахгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс С.Батхүлэгийн материалтай танилцвал хууль зөрчсөн томилгоо Ерөнхийлөгчөөр шууд хийгдэнэ. Тийм учраас танилцахгүй хэмээн бүгд Байнгын хорооны хурлыг орхин гарсан юм. Тухайлбал, Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Ц.Нямбаатар зэрэг олон гишүүн С.Батхүлэгийг эсэргүүцэж "Голомт банкны өмгөөлөгч. Шаардлага хангахгүй хүний материалыг дахин, дахин тулгаж оруулж ирлээ. Зургаан өдрийн өмнө бидэнд танилцуулах байсан" гэх зэргээр шүүмжилсэн юм. 

Харин гишүүдийг гарах мөчид УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж С.Батхүлэгт хандан “Ховдын гурав чинь л үлдсэн шүү” гэж хэлжээ. Тэр нь Ш.Адьшаа, С.Бямбацогт, Б.Пүрэвдорж нарыг хэлж байгаа бололтой.

Хуралдааны үеэр ч дээрх гурван гишүүн С.Батхүлэгийг дэмжиж үг хэлсэн юм. Тухайлбал,  УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Шүүгчид нэр дэвшүүлэх асуудлыг Дэгийн тухай хуульд заасны дагуу оруулж ирж байна. Хууль зүйн яаманд ажиллаж байсан хүмүүс ийм зүйл ярьж байгаад гайхаж байна. Гэтэл Хууль зүйн байнгын хороо хүнийг эвгүй байдалд оруулдаг, Шүүхийн ерөнхий зөвлөлд, Монголын Өмгөөлөгчдийн холбоонд итгэдэггүй байдал гаргаж байна. Хууль зөрчиж байгаа гэвэл Эрүүгийн хуулиар шалгуул л даа. Та нарт таалагдахгүй бол хэлэлцдэггүй жишгийг тогтоож байна. Энэ хүний асуудлыг танилцая гэсэн саналтай байна.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт "Хүнийг хардаж болно, хэлмэгдүүлж болохгүй" гэсэн юм.  С.Батхүлэг хуульчийн хувьд Ховдынх ажээ. Тийм ч учраас Ховдоос сонгогдсон нутаг нэгтэй гишүүд  түүнийг дэмжсэн бололтой. Нөгөөтэйгүүр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилд Ерөнхийлөгч Х.Баттулга шууд оролцдог, томилгоог нь өөрөө хийдэг гэх яриа бий. Энэ удаа ч мөн С.Батхүлэгийг ерөнхийлөгч томилно. Тийм учраас Ерөнхийлөгч Ховдын гишүүдээр дамжуулан түүнийг дэмжүүлсэн байх магадлалтай. Учир нь Ховдоос сонгогдсон Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, С.Бямбацогт нар нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр харилцаатай гэдэг билээ.