ХӨШИГНИЙ АРД: Д.Сарангэрэлийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хувилбар яригдсан ҮНЭН

ХӨШИГНИЙ АРД: Д.Сарангэрэлийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хувилбар яригдсан ҮНЭН

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Үнэн” сонинд ярилцлага өгч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших боломжтой таван хүнийг нэрлэснийг бид өмнө нь хүргэсэн.

Тодруулбал, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Ц.Нямдорж, С.Батболд, Ө.Энхтүвшин нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой  гэж хэлсэн юм.

Тэрээр “Манай намын гишүүд, улстөрчдийн зүгээс МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлээч гэсэн хүсэлт олноор ирж байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлэх ёстой гэсэн санал, хүсэлтүүд ирж байна. УИХ-ын даргын хувьд бүрэн боломжтой.

Мөн намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн нэр ч энэ дунд яригдаж байна. МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын нэрийг дэвшүүлэх санал ирж байна. УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж гуайн нэр яригдаж байна. Ө.Энхтүвшин даргын нэр бас яригдаж байна. Манай намд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой эмэгтэй кандидат ч байна" гэсэн.

Ер нь эрх баригч намаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг л дэвшинэ гэх хүлээлт өнөөдөр ч олон нийтийн дунд бий. Энэ хүлээлтийг У.Хүрэлсүх өөрөө бий болгосон. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар хөшигний ард тэс өөр яриа яригдсан байна.

-ТӨРИЙН ХАТАН ЭРДЭНЭ Д.САРАНГЭРЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН
СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ ҮҮ-

Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгалангийн хэлсэн эмэгтэй кандидат нь Д.Сарангэрэл аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших талаар эргэлзэж буй бөгөөд хэрвээ тэр биш бол өөр хэн байх талаар МАН албан бусаар дотооддоо ярилцсан гэх.

Ингэхдээ Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, С.Батболд нарын хэн нь ч биш бөгөөд Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлийг л дэвшүүлэх боломжтой талаар ярьсан гэх.

Д.Сарангэрэлийн хувьд ковид19 цар тахлаас ард түмнээ амжилттай хамгаалж дотооддоо тарахаас сэргийлж ажиллаж чадсан гэх нэр хүндтэй яваа. Өнөөдөр ч түүнийг Эрүүл мэндийн сайдаар ажиллуулахад ард түмэн бэлэн билээ. Тиймээс олон нийтийн дунд рейтинг өндөр, нэр хүнд сайтай үед нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхэд боломжгүй зүйлгүй гэжээ.

Д.Сарангэрэлийн хувьд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэйгээ маш ойр харилцаатай гэгддэг. Тиймээс дэмжлэг ч сайтай. Өнгөрсөн жилийн УИХ-ын отгон чуулганаар түүнийг Төрийн хатан эрдэнээр өргөмжилсөн билээ. Ямартай ч МАН дотор энэ яриа яригдсан нь үнэн гэдгийг эх сурвалжууд хэлж байна.