П.Нүрзэд: АН-ын Их хурал тодорхойгүй хугацаагаар хойшилж байна

П.Нүрзэд: АН-ын Их хурал тодорхойгүй хугацаагаар хойшилж байна

Ирэх даваа гаригт /2020.11.16/ Ардчилсан намын X дугаар Их хурал товлогдсон ч улс оронд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ. Өчигдөр тус намын удирдлагууд 21 аймаг есөн дүүргийн удирдлагуудтайгаа цахимаар холбогдон намын Их хурлыг хойшлуулах эсвэл цахимаар хуралдуулах эсэх талаар саналыг нь сонсож дараа нь албан бичгээр хариуг нь авсан. 

Тэгвэл дүүрэг, орон нутгийн удирдлагуудын олонх нь Их хурлыг хойшлуулах цахимаар явуулах саналыг намын удирдлагууддаа ирүүлжээ. Хэдий ийм ч улс орны нөхцөл байдал, иргэдийн эрүүл мэнд, төр засгаас явуулж буй бодлого шийдвэрийг хүндэтгэж Их хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэж тус намын Хэрэг, эрхлэх газрын дарга П.Нүрзэд мэдэгдлээ. Харин цахим хуралдааныг хэзээ явуулах тухай товыг удахгүй гаргаж эргэн мэдэгдэх юм байна. 

Тэрбээр "Их хурлыг дараа хийх бүрэн боломжтой. Манай нам улсын орныхоо асуудлыг нэгдүгээрт тавина. Энэ сарын 15, 16, 17-нд гурван өдөр дарааллаж Ардчилсан нам Үндэсний бодлогын хорооны хурал, Их хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байсан. Харин одоо тодорхойгүй хугацаагаар хойшилж байна. Учир нь цар тахлын тархалт хэрхэн үргэлжлэх, нөхцөл байдал яаж эргэх, Улсын онцгой комиссын цаашдын шийдвэр тодорхойгүй учраас бид цаг хугацаа ярих нь утгагүй юм. Уужраад, аятайхан болсон үедээ Их хурлаа хуралдуулах боломжтой. Угтаа бол бүх нэгж, үүрүүд бэлтгэл байдлаа хангасан байсан. Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах нэг номерын асуудал" гэлээ. 

Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Гамшгаас хамгаалах хуулийн дагуу тав хоног бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Ардчилсан намын Их хуралд 21 аймаг, 365 сумаас 1200 гаруй төлөөлөгч оролцохоор төлөвлөж байсан юм. Уг хурлаар АН дүрмээ шинэчлэн батлах, мөн тус намын дээд байгууллага болох Үндэсний бодлогын хорооны шинэ гишүүдийг батламжлах байв.

АН-ЫН ШИНЭЭР БОЛОВСРУУЛСАН ДҮРМЭЭР ҮБХ-НЫ ХУРЛААР ДЭМЖСЭН ХОЁР НЭР ДЭВШИГЧИЙГ НАМЫН ИХ ХУРАЛ РУУ ОРУУЛЖ ХЭЛЭЛЦЭЭД ДАРГАА СОНГОХ ЮМ. 

ШУУД ҮЗЭХ: