Ч.Хүрэлбаатар: Нийт хүн амын 60 хувьд ДЭМБ-аас баталгаажуулсан вакцин хийх захиалга өгсөн

Ч.Хүрэлбаатар: Нийт хүн амын 60 хувьд ДЭМБ-аас баталгаажуулсан вакцин хийх захиалга өгсөн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар эхэлж, 2021 оны төсвийг хэлэлцэж байна. Харин зарим гишүүн чуулганы танхимаас оролцож буй. Чуулганы танхимаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газар 50.6 сая ам.долларын зээлийг коронавирусийн халдварын эсрэг вакцинд зарцуулах хүсэлтээ Дэлхийн банканд өгсөн талаар хэллээ.

Тэрээр "Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөр энэ зээл батлагдана. Нийт хүн амын 60 хувьд вакцинжуулалт хийлгэнэ гэж тооцоолж захиалга өгсөн. Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөр батлагдсаны дараа УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Вакцины асуудал дээр Засгийн газар идэвхтэй ажиллаж байгаа. Мөн ДЭМБ-аар баталгаажсан вакциныг авч хэрэглэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа " гэв. 

Чуулганы танхимд УИХ-ын зарим гишүүд болон ажлын хэсэг гэсэн 20 гаруй хүн байна. Тухайлбал УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар чуулганы танхимаас оролцож байгаа аж. Чуулганы хуралдаанд нийт 70 гишүүн оролцож байна.