С.Одонтуяа: Дайн байлдаантай кино биш, Ерөнхий сайд хариуцлагагүй мэдэгдэл хийлээ

С.Одонтуяа: Дайн байлдаантай кино биш, Ерөнхий сайд хариуцлагагүй мэдэгдэл хийлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүд хариулт өгч байгаа юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Ерөнхий сайд өчигдөр нийт ард түмэндээ хандан мэдэгдэл хийхдээ маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Бид 10 сар бүслэлтэд байлаа. Одоо гардан тулаанд орохоос өөр аргагүй боллоо гэв. Би үүнийг маш хариуцлагагүй мэдэгдэл гэж үзэж байна. Ямар байлдаантай кино биш. Гэнэт нэг шөнийн дотор цар тахлын аюул учраагүй шүү. Бид нар сүүлийн 10 сар тасралтгүй Ковидын тухай ярьж байна. УИХ нь Засгийн газарт бүх эрх мэдлийг өгсөн. Гаднаас авсан нийт зээл тусламж 1.9 их наяд хүрсэн.Засгийн газар өнгөрсөн хугацаанд цар тахалтай тэмцэнэ гэж 5.1 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гэж олон сар ярьсан.

ДНБ-ий 9,9 хувьтай тэнцэх хөрөнгийг ковид гэж зарлагдсан. Энэ мөнгө юунд зарцуулагдсан юм бэ?. Төсөв батлах гэж байхад Цар тахлын хямралын үеийн төсөв ийм байж болохгүй, ямар ч шаардлагагүй музей, усан оргилуураа болиоч гэдгийг жирийн иргэд хэлээд байсан шүү дээ. Ард түмнээ сонсож байгаач, сөрөг хүчнээ сонсож байгаач" гэлээ.