УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар 2021 оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж дууслаа.

Ингээд төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн байнгын хороодын дүгнэлтээр санал хураалт явуулж гишүүдийн 82 хувийн саналаар Ерөнхийлөгчийг хоригийг хүлээж авсангүй.

Ерөнхийлөгчийн зүгээс 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд  хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна хэмээн үзээд төсөвт бүхэлд нь хориг тавьсан. 

Ерөнхийлөгч хоригтоо дараах дөрвөн саналыг тусгаад байсан юм.

  1. Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,
  2. Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,
  3. Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,
  4. Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөөг даруй гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх.