Шударга тавын нэг Х.Нямбаатарын “эвэр ургаж” Ерөнхийлөгч Х.Баттулгатай муудаж эхлэв үү

Шударга тавын нэг Х.Нямбаатарын “эвэр ургаж” Ерөнхийлөгч Х.Баттулгатай муудаж эхлэв үү

2018 оны өвөл Т.Аюурсайхан,  Л.Болд, Ж.Батзандан,  Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар өөрсдөдөө “Шударга таван гишүүн” гэж нэр өгөөд “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хэмээх жагсаалыг тухай үеийн УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулах зорилготой хийж байв. 

Тэдний ард Ерөнхийлөгч Х.Баттулга болоод түүний Монголын Ардчилсан холбоо /МоАХ/, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болоод түүний Нэгдсэн монгол хөдөлгөөн хүч өгч, Сүхбаатарын талбайд цугласан иргэдийн олонхийг бүрдүүлж байв. 

Энэхүү үйл явдлын дараа Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар томилогдсон бол Т.Аюурсайхан УИХ-ын дэд дарга, Х.Нямбаатар Хууль зүй дотоод хэрэг /ХЗДХ/-ийн сайд болсон. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрын авч үлдсэнийхээ хариуд АН-аас гарч ШИНЭ нам гэгчийг байгуулсан Л.Болд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх болсон бол, Ж.Батзандан Австралид суух элчин зөвлөхөөр томилогдоод байна. 

Товчхондоо дээрх таван гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нартай улс төрийн ашиг сонирхлын хувьд нэг байсан гэж болно. 

Тэгвэл “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг” гэдэгтэй адил ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Ерөнхийлөгч Х.Баттулга руу хаягласан байж болзошгүй мэдээллийг өөрийн твиттер хуудастаа нийтэлжээ. Тэрээр “Корона вирусын хажуугаар Монголд улстөрийн вирус хяналтгүй тархчихсан хүндхэн байдалтай байна. Зарим нэг нэр бүхий вирус мутацид ороод зомбинуудыг амилуулан Монголыг минь хордуулаад байх юм. 2021 онд аль альнаас нь салах боломж бий” гэжээ. 

Учир нь Х.Нямбаатар сайд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчид нэр дэвшсэн С.Батхүлэгийг эрс эсэргүүцэж, “Голомт банкны өмгөөлөгч. Шаардлага хангахгүй хүний материалыг дахин, дахин тулгаж оруулж ирлээ" гэх зэргээр эсэргүүцэж буй. Мөн ирэх 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай сонгох ээлжит сонгуульд АН-аас Х.Баттулга дахин өрсөлдөнө гэх мэдээлэл байгаа юм. Иймд тэрээр “2021 онд аль альнаас нь салах боломж бий” гэж мэдэгдсэн байхыг үгүйсгэхгүй юм.