ВИДЕО: А.Сүхбатын гэх "Тайван зогсоол"-оос гурван мянга орчим автомашиныг гаргалаа

ВИДЕО: А.Сүхбатын гэх "Тайван зогсоол"-оос гурван мянга орчим автомашиныг гаргалаа

Гашуунсухайт боомттой ойролцоо байгуулсан УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын “Тайван зогсоол”-д жолооч нарын эрх, ашиг зөрчигдөж  буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, А.Сүхбатын хамаарал бүхий түүний төрсөн дүү А.Баттөгсийнх нь эхнэр Г.Буяндэлгэрийн захирлаар нь ажилладаг “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК нь Цагаан хад, Гашуунсухайтын замд “Тайван зогсоол” байгуулж /зогсоол, зочид буудал, хоолны газар/,  тэндээ богины тээвэрт явдаг нүүрс тээврийн жолооч нарыг 14 хоног хүчээр байлган мөнгө авдаг. Цаашлаад энд байрлахгүй дараагийн нүүрс ачилтын зөвшөөрлийг өгдөггүй тухай мэдээлсэн.

-ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭР: ЖОЛООЧ НАР ЦАГААН ХАДАНД
БАЙРЛАХ ЭСВЭЛ ХАРЬЖ БОЛНО-

Хэдийгээр тус компани нь Г.Буяндэлгэр гэх хүний нэр дээр бүртгэлтэй ч энэхүү бизнесийн ард УИХ-ын гишүүн асан А.Сүхбатыг ажиллаж ах, дүүсээрээ халхавч хийсэн байх магадлалтай гэх хардлага байгаа юм.

Болж буй процессыг эргэн сануулбал, “Тайван зогсоол”-д байрлуулсан дан чиргүүлтэй машинаас 10.000 төгрөг, давхар чиргүүлтэйгээс 20.000 төгрөгийг хоног тутам авдаг. Зочид буудлын хувьд хоёр ортой өрөө хоногийн 100 мянган төгрөг бол нэг, хоёрдугаар хоол 9000-12000 төгрөгийн үнээр зарагддаг. Ингээд нэг жолооч дор хаяж зургаа хоноход 60-120 мянган төгрөгийг зогсоолд хэрвээ буудалд байрласан бол 600 мянган төгрөгийг, хоол унданд дунджаар 120 мянган төгрөгийг зарлагддаг юм. Энэ нь жолооч нарт хүндхэн тусдаг гэж буй. Тодруулбал, жолооч тус газарт 10 хоноход дор хаяж нэг сая төгрөг "Тайван зогсоол"-д өгч байж гарна гэсэн үг юм.

Гэтэл өнгөрсөн нэг сарын хугацаанд халдвар, хамгаалалт нэрийн дор нэг жолоочийг энд 14 хонуулж буй. Тэгэхээр жолооч нараас авах мөнгө талийж байна гэсэн үг. Тэд зовж олсон мөнгөө "Тайван зогсоол"-д барж дуусахгүйн тулд нэг өдрийн өмнө ч болов тус газраас явахыг Өмнөговь аймгийн онцгой комисс, Улсын онцгой комиссоос шаардаж байсан юм.

Учир нь гадаа хүйтэрч жолооч  нар аргагүйн эрхэнд үнэтэй буудалд байрлаж буй бол боломжгүй зарим нь машиндаа хоноглож даарахгүйн тулд кабин халаагч ашиглан өөрсдийн эрүүл, мэнд амь насыг эрсдэлд оруулж байсан. Кабин халаагчийг удаан ашиглах тусам аккумулятор эвдрэх эрсдэлтэй. Яг өнөөдрийн байдлаар кабин халаагчаа ашигласнаас болж аккумулятор нь ажиллагаагүй болсон болон дугуй хагарсан гээд асуудалтай жолооч нар их бий.

Эдгээр жолооч нарын хувьд "Тайван зогсоол"-оос гаргаж нөхцөл байдалд тохируулан оновчтой шийдвэр гаргах буюу гэрт нь хариулах эсвэл БНХАУ-тай харилцан ярилцаж нүүрсний татан авалтыг нэмэгдүүлэхийг шаардаж байсан.

Өмнөговь аймгийн Онцгой комиссын шийдвэр

Тэгвэл олон хоног "Тайван зогсоол"-д хэрхэхээ мэдэхгүй, хий л хүлээж байсан жолооч нарын асуудлыг өчигдөр /2020.12.06/ шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн онцгой комиссоос шийдвэр гаргаж "Тайван зогсоол"-д байрлуулсан тээврийн хэрэгслийг гаргаж Цагаан хад суурьшлын бүсэд шилжүүлэн байршуулахаар болжээ. Мөн нутаг болон гэртээ харих хүсэлтэй жолооч нарыг PCR-ийн шинжилгээнд үндэслэн 14 хоног тусгаарлахгүйгээр явуулахаар болсон байна. Өчигдрийн байдлаар "Тайван зогсоол"-д 3000 автомашин энэ тооны жолооч байсан юм. Тэд бүгд 10-14 хоног тус газарт байрласан. Ингэхдээ бүгд коронавирусийн шинжилгээг өгсөн юм.

-ЖОЛООЧ НАР: "ТАЙВАН ЗОГСООЛ"-ЫН БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
ҮНИЙГ БУУЛГАХ ШААРДЛАГА БАЙНА-

Хамгийн ноцтой нь өнгөрсөн өдрүүдэд “Тайван зогсоол”-д дээрх 3000 жолоочийг нэг дор байрлуулчихаад халдвар, хамгааллын дэглэмийг огт сахихгүйн дээр гар ариутгагч, маск, хоорондын зай барих заавар, орчны ариутгал, халдваргүйтлийг огт хийдэггүй нийтийн нойл нь гэхэд л маш бохир байсан юм. Ийм бохир орчинд вирус тархах өндөр магадлалтай. Эрсдэлтэй орчинд баймааргүй байна гэдгийг жолооч нарын зүгээс хэдэнтээ сануулсан юм. Жолооч нар хоолны газар, зочид буудал зэрэгт олноороо цугларч эрсдэлтэй орчинд байсан билээ. Цаашид УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын гэх энэхүү байгууламжийн үйлчилгээний үнэд зохицуулалт хийх шийдвэрийг холбогдох газраас гаргах саналыг жолооч нарын зүгээс гаргаж байгаа юм.