С.Бямбацогт: Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг эрдэнэсэд тооцдог болно

С.Бямбацогт: Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийг эрдэнэсэд тооцдог болно

-Эрдэнэсийн сангийн тухай хуулийг шинэчлэхдээ холбогдох судалгааны үр дүнд үндэслэн зөвхөн  эрдэнийн чулуу, үнэт металлаар эрдэнэсийг хязгаарлахгүй “түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйл” зэрэг үнэт хөрөнгийг эрдэнэсэд тооцох тухай тусгажээ-

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ,  С.Бямбацогт,  Л.Мөнхбаатар нарын гишүүдийн санаачилсан

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг санаачлагч С.Бямбацогт төслийн танилцуулгад “Монгол Улсын үндэсний биет баялаг, давтагдашгүй үнэт зүйлд тооцогдож ирээдүйд үнэ цэнэ өсөн нэмэгдэх хуримтлал төрийн эрдэнэсийн сангийн эх нөөцийг бүрдүүлэх, хамгаалах, арвижуулах, сангаас хөрөнгө гүйлгээнд оруулж, захиран зарцуулахтай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор 26 жилийн өмнө Эрдэнэсийн сангийн тухай хуулийг анх баталсан. Энэ хугацаанаас хойш эрдэнэсэд тооцогдох хөрөнгийн төрөл нэмэгдэж, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, үнэт чулуу, үнэт металлыг тооцох олон улсын жишиг шинэчлэгдсэн төдийгүй, эрдэнэсийн санг эрхлэх үйл ажиллагааны цар хүрээ өргөжижээ. “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д эрдэнэсийн сангийн үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор тусгагдсан бөгөөд эрдэнэсийн сангийн эрхлэх үйл ажиллагааг сайжруулах талаар Үндэсний аудитын газраас зөвлөмж гарсан байна.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийг шинэчлэхдээ холбогдох судалгааны үр дүнд үндэслэн зөвхөн  эрдэнийн чулуу, үнэт металлаар эрдэнэсийг хязгаарлахгүй “түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйл” зэрэг үнэт хөрөнгийг эрдэнэсэд тооцож, олон улсад хүлээн зөвшөөрч тогтсон ангилалаар тодорхойлдог байх, эрдэнэсийн сангийн эрхлэх үйл ажиллагааг төв банкнаас гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, валютын зохицуулалтыг хэрэгжүүлэх чиглэлээр үнэт металл худалдан авдаг үйл ажиллагааг тусгаарлах, Монголбанкнаас Эрдэнэсийн санг эрхлэх ажиллагааг өргөжүүлж, санхүүгийн тайланд тусгах, бүртгэх, хүн, хуулийн этгээдээс Эрдэнэсийн сантай харилцах үйл ажиллааны эрх зүйн үндсийг шинэчлэн тодорхойлохыг зорьсон болно.

Монгол Улсын үнэт хөрөнгийн хуримтлал болох эрдэнэсийн санг арвижуулах, бүртгэх, мэдээлэх зэрэг эрдэнэсийн санг эрхлэх Монголбанкны үйл ажиллагааг боловсронгуй болгох, үнэт металлын сорьцын зөрүүнээс төрд үүсч болох санхүү, хууль зүйн эрсдлийг бууруулах, эрдэнэсийн сан, эрдэнэс эзэмшиж байгаа төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн эрх үүргийг шинэчлэн тодорхойлох чиглэлээр боловсруулсан гэж онцоллоо.