Дараалсан тагнах, чагнах ажлын ард Ерөнхийлөгч Х.Баттулга байна уу

Дараалсан тагнах, чагнах ажлын ард Ерөнхийлөгч Х.Баттулга байна уу

Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн албан өрөөнд нууц камер байршуулсныг өнгөрөгч баасан гарагт олж илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.  Тэгвэл үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын ажлын албаны 10 орчим өрөөнд энэ сарын 07-ны өдөр /2020.12.07/ шалгалт хийхээр болжээ. Ажлын албаных нь өрөөнүүд Төрийн ордны зүүн жигүүрт байрладаг.

Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн албан өрөөнд нь нууцаар дуу, дүрс бичлэгийн камер байршуулсан уг хэрэгт Засгийн газрын IT хариуцсан ажилтан Б тогтоогдон, байцаагдаж байгаа юм. Тэрбээр уг ажлыг хийснээ өөрөө хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл байгаа юм. 

Үүнээс өмнө ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн өрөөнд мөн гүйцэтгэх ажиллагаа явуулж тагнаж, чагнасан гэх мэдээлэл гарсан. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эл асуудлаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд өргөдөл гаргаж улмаар тус хорооноос прокурорт шилжин шалгагдаж буй. Энэхүү хэрэгт ТЕГ-ын дарга асан Т.Гэрэл зэрэг нэр бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм. 

Үүний дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын яаман дахь албан өрөөнд хамгаалалтын албаны ажилтан нэвтэрсэн. Энэ хүнийг тагнуулч байсан, камерын зайгаа солих гэж байгаад баригдсан гэх мэдээлэл тухайн үед гарсан юм. 

Тэгвэл энэхүү шил дараалсан үйл ажиллагааг хэн зоригтой  зохион байгуулж байна вэ гэдэг мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Ерөнхий сайдын пи ар хариуцсан гол зөвлөх болон ЗГХЭГ-ын даргаар оролдож чадах хүмүүс МАН дотор үгүй бөгөөд харин үүний ард улс төрд 01 гэж дуудагддаг Ерөнхийлөгчийг байх магадлалтай гэх яриа улс төрийн хүрээнд яригдаж байна. 

Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд одоогийн төрийн тэргүүн Х.Баттулга АН-аас дахин өрсөлдөх өндөр амбицтай байгаа. Тиймээс ч тэрбээр АН-ыг бүхэлд нь энэ чиглэлд  хөдөлгөж буй. Харин МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өрсөлдөнө гэх мэдээлэл бий. Энэ нь нэгэн цагт хүзүү, толгойгоороо холбогдож эвтэй найртай явсан энэ хоёр эрхмийг муудалцахад хүргэсэн бөгөөд сүүлийн үед ил үг, үйлдэл шидэлцэх болсон.  Үүний л илрэл нь эдгээр тагнах, чагнах ажиллагаа байв уу гэж улс төрийн хүрээнд ярьж байна.