ЖДҮ-чин Л.Энхболд, Д.Тогтохсүрэнгийн "дүү" Л.Хосбаяр нарыг "Эрдэнэс Монгол"-ын дэд захирлаар томилно

ЖДҮ-чин Л.Энхболд, Д.Тогтохсүрэнгийн "дүү" Л.Хосбаяр нарыг "Эрдэнэс Монгол"-ын дэд захирлаар томилно

Өнгөрсөн аравдугаар сарын 12-ны өдөр “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг томилсон. Тус компани Ерөнхий захирлаас гадна нэг тэргүүн дэд захирал, дөрвөн дэд захиралтайгаар үйл ажиллагаа явуулдаг.

-Ц.ЦОЛМОН, Л.ЭНХБОЛД, Л.ХОСБАЯР НАРЫГ ДЭД ЗАХИРЛААР ТОМИЛНО-

Тодруулбал, тэргүүн дэд захирлаар С.Эрдэнэбулган, дэд захирлаар Ц.Батсайхан, Э.Дөлгөөн, Н.Лхагвабаатар, Г.Ганболд нар ажиллаж байгаа юм.  Тэгвэл тус компани бүтэц, үйл ажиллагааны шинэчлэл хийж дэд захирлынхаа тоог нэгээр цөөлөхөөр болсон байна. Мөн зарим газруудыг татан буулгаж, хэлтэс болгохоор бүтэцдээ өөрчлөлт оруулжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар дэд даргаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд, Л.Хосбаяр нарыг дэд захирлаар томилуулахаар АТГ-т бичгээ хүргүүлээд байгаа аж. Уг томилгоог ирэх 7 хоногт хийх юм байна. 

Харин тэргүүн дэд захирлаар эмэгтэй хүнийг томилох аж. Уг томилгоотой холбоотойгоор нэр дэвшүүлж буй Л.Энхболд, Л.Хосбаяр нарыг эрх ашгийн зөрчилтэй эсэх гэмт хэрэгт нэр холбогдсон үгүйг сайтар нягтлахыг олон нийт АТГ-аас шаардаж эхэлжээ. 

-НЭР ЦЭВЭР Ц.ЦОЛМОН-

Ц.Цолмонгийн хувьд М.Энхболдыг УИХ-ын дарга байхад Тамгын газрынх нь ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Түүнийг улс төрийн хүрээнд М.Энхболдын хүн гэдэг. Гэхдээ элдэв хууль бус, болж бүтэхгүй асуудалд нэр холбогдож байгаагүй сайн хууль гэгддэг. 

Тэрбээр эрх зүй мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1993-1994 онд УИХ-ын Тамгын газарт компьютер операторч, 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш, 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн бодлогын газрын дарга, 2011-2016 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, 2016-2019 онд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллажээ.

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн ерөнхий захирал Д.Хаянхярваагийн хувьд мөн М.Энхболдын багийнх бөгөөд энэ харилцааны шугамаар Ц.Цолмонг татаж байна уу гэх яриа байгаа юм. 

-Л.ЭНХБОЛД НЬ ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВЧ БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГААР МӨНГӨ УГААСАН ХЭРЭГТ ШАЛГАГАЖ БАЙСАН-

Өмнөговь аймгаас сонгогдон 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Өмнөговьд нүүрс тээвэр болон олборлолтын хэд, хэдэн бизнестэй ч өнгөрсөн хугацаанд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан болон Бичил санхүүгийн хөгжлийн сангаас зээл авч бусдын боломжийг хулгайлсан нэгэн. Тэрбээр тус сангаас зээлсэн мөнгөө банк бус санхүүгийн байгууллага руу шилжүүлж мөнгө угаасан байж болзошгүй хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж буй. Үүнээс үүдэлтэйгээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийнх нь асуудал прокурорын хүсэлтээр хөндөгдөж хүртэл байсан билээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор Х тайлантай байсан автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-ийн компанийг иргэн Ч-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн бичгийг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хүргүүлснийг шийдвэрлэж 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас гаргаж өгсөн байна.

Тэрбээр “ИРЭЭДҮЙ ИНВЕСТ” банк бус санхүүгийн байгууллагын 50 хувийг эзэмшдэг талаар ХОМ-тээ дурджээ. Тус ББСБ-ын бизнесийн зээлийн хүү сарын 3-3,5 хувь. Сэлэнгэ,Сүхбаатар, Дархан-Уул, Өмнөговь аймагт салбартай. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө ББСБ-ынхаа захирлаар ажилладаг байсан. Мөн тэрбээр УИХ-д ажиллахдаа тодорхой санаачилсан хууль болон дорвитой ажил байхгүй юм

-МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ТОГТОХСҮРЭНГИЙН "ДҮҮ" Л.ХОСБАЯР"

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн улс төрийн багийн хүн аж. УИХ-ын гишүүн гишүүн С.Ганбаатарыг МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байхад нь туслахаар ажиллаж байсан Л.Хосбаяр МАН-д элсч, тус намын залуучуудын байгууллагын идэвхтэй гишүүн болсон гэдэг. Мөн түүнийг "Мон лаа"-ийн Л.Хосбаяр гэдэг бөгөөд өдгөө Д.Тогтохсүрэн гишүүний зөвлөхөөр ажиллаж байгаа.