Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын архиваас яг Оюутолгойн гэрээг байгуулж байх үеийн протокол алга болсон

Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын архиваас яг Оюутолгойн гэрээг байгуулж байх үеийн протокол алга болсон

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.

 Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.  Энэ үеэр УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан "Дубайн гэрээг байгуулах эрхийг өгсөн шийдвэр нь хууль бус гэж тогтоосон. Хуульд нийцүүлж өөрчилж, улсын эрх ашгийг хангуулах хэрэгтэй. Ингэж чадахгүй бол УИХ-ын Ажлын хэсгээс Дубайн гэрээг цуцлах хүртэлх арга хэмжээ авах ёстой гэсэн заалт бий" гэлээ. 

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "2017 оноос эхэлж хууль тогтоомжийн боловсруулал тал дээр шат дээшилсэн. Бид 2021 онд эрх зүйн шинэтгэл хоёр гэдэг бодлогын баримт бичгийг оруулж ирэхээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд эрх зүйн шинэтгэл хөтөлбөрийнхөө хэрэгжиллтийг дүгнээгүй өнөөдрийг хүргэсэн. Хууль тогтоомжийн хэрэгжилт тал дээр тандалт судалгаа хийж байна. Хууль тогтоомжийг батлан гаргахдаа том алдаа гаргадаг. Харамсалтай нь, батлагдаж байгаа хууль нь эдийн засгийн баталгаагүй байдаг. Цаашид хууль батлахдаа хуулийг хэрэгжүүлэх төсөв санхүүг нь батлаж өгөх бодлогын хүрээнд ажиллаж байна. Оюутолгойн гэрээгтэй холбоотой маргаан Арбитрийн шүүхэд явна. Энэ асуудлаар ондоо багтаж хаалттай мэдээлэл хийх хэрэгтэй байна, УИХ-ын дарга аа. Сая татварын хяналт шалгалт ороход томоохон асуудал үүссэн. Үүнийг нийтэд ярихгүйгээр УИХ-ын гишүүдэд ойлголт өгөх шаардлагатай байна" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ маш ноцтой мэдээллийг энэ үеэр хэлсэн юм. 

Тухайлбал, "УИХ-аас Оюутолгойн хөрөнгө оруулалтын ажлын хэсэг өдөр шөнөгүй ажилласан, шалгасан. Дүгнэлтээ гаргасан, УИХ-ын тогтоол шийдвэр гарч Засгийн газарт өгсөн. Оюутолгойн хөрөнгө оруулалт, өнөөдөр болж байгаа үйл явдал бол асар их баялагтай бага буурай орны төр засгийн удирдлагыг худалдан авах замаар тонон дээрэмддэг асуудлыг бодит жишээ болж байна. Өнөөдөр Оюутолгой үр ашиггүй, гол буруутан бол бид бүхэн юм шиг л ойлголттой байна. УИХ-ын архиваас яг Оюутолгойн гэрээг байгуулж байх үеийн протокол алга болсон. Өнгөрсөн жил бүтэн жил хайгаад олоогүй шүү" гэлээ. 

Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Би гурав, дөрвөн жил Оюутолгойн гэрээг дэмжсэн, дэмжээгүйн баримтыг авах гээд чадаагүй. Энэ бол маш ноцтой асуудал шүү. Ер нь, УИХ эрүүл саруул байх ёстой шүү. Энд чинь олон түмний дуу хоолой байх ёстой юм. Хамтарч ярь гэж сонгогдсон биз дээ. Өнөөдөр харилцан ойлголцож, хуулиа алдаагүй гаргах ёстой. Улсынхаа эрх ашгийн төлөө л дуугарах ёстой юм" гэж хэллээ.