УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “баз” Л.Хосбаяраа Эрдэнэс Монгол ХХК-ийн дэд захиралд дэвшүүлсэн үү

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “баз” Л.Хосбаяраа Эрдэнэс Монгол ХХК-ийн дэд захиралд дэвшүүлсэн үү

Өвөрхангай аймгийн МАН-ын хорооноос улс төрийн гараагаа эхэлж, тус аймгийн засаг даргын тамгын газрын ажилтнаас ИТХ-ын дарга, Засаг дарга хүртлээ дэвшин ажиллаж, эцэстээ тус аймгийн иргэдийн сонголтоор УИХ-ын гишүүн болсон хүн бол Д.Тогтохсүрэн. 

Товчхондоо, өнөөдөр түүнийг энэ бүх амжилтад хүргэсэн хүмүүс бол Өвөрхангай аймгийн иргэд. Эзэмшсэн боловсрол нь зарим гишүүдээс дутмаг ч гэсэн тэрээр МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байна. Харин Өвөрхангай аймагт зуд болж тус аймгийн малчид хүнд нөхцөл байдалд байгаа энэ цагт тэрээр тэдний талаар дорвитой дуугарч, тэдэнд эрсдэл учирсан үед эрх ашгийг нь хэрхэн хамгаалах талаар хууль санаачлаагүй сууна. 

-Л.ХОСБАЯР ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК-ИЙН ДЭД ЗАХИРАЛД НЭР ДЭВШИХЭД Д.ТОГТОХСҮРЭН НӨЛӨӨЛСӨН ҮҮ-

Харин энэ цаг мөчид Монголын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудад төрийн төлөөллийг хэрэгжүүлдэг Эрдэнэс Монгол ХХК-ийн дэд захирлын томилгоо яригдаж, нэр дэвшиж байгаа хүмүүсийн материалыг “ашиг сонирхлын зөрчилтэй” эсэхийг нь тодруулахаар АТГ-д явуулаад байгаа гэх мэдээлэл байна. Харин тус албан тушаалд нэр дэвшиж байгаа хүмүүс дотор УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн эхнэр Д.Оюунбилэгийн дүү Г.Болороо /эгчийнх нь хүүхэд/-гийн нөхөр Л.Хосбаяр буюу Д.Тогтохсүрэнгийн баз /нэг удмын хүргэнүүд/ нь нэр дэвшиж байгаа аж. 

Л.Хосбаярын эхнэр Г.Болороог охидын “Гала” гэх хамтлагийн гишүүн байсан гэдгээр нь зарим хүмүүс мэднэ. Харин Л.Хосбаяр нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байхад нь түүний туслахаар ажиллаж байсан аж. Өдгөө тэрээр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн зөвлөхөөр ажилладаг байна.

Энэ бол төрийн байгууллагын томилгоо төрөл саданы томилгоо болсны нэг жишээ. Учир нь Д.Тогтохсүрэнгийн сонгогдсон Өвөрхангай аймгаас Эрдэнэс Монгол ХХК-ийн дэд захирал хийчих мэдлэг, боловсролтой олон залуус байгаа. Харамсалтай нь тэд улс төрийн баз, хүргэнгүй учир энэ албан тушаалд очиж чадахгүй байх талтай.

-УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭНГИЙН НӨЛӨӨГӨӨР ТҮҮНИЙ ЭХНЭР ТӨРИЙН АЛБАНД ТОМИЛОГДОЖ БАЙСАН УУ-

Бүлгийн хэвлэлийн хурлаа аядуу зөөлөн дуугаар хийгээд, бусад үед тэр бүр олны дунд гарч бодлого яриад байдаггүй Д.Тогтохсүрэн 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, түүний эхнэр Д.Оюунбилэг  албан тушаалд, нөхрийнхөө татаасаар, хэл амтай очиж байсан уу гэх асуулт гарч байгаа юм. 

Учир нь Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Ганчимэгийг албан тушаалаас нь бууруулж, түүний оронд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн эхнэрийг томилоод байгаа гэх мэдээлэл 2018 онд хэвлэлд гарч байв. Энэ талаар М.Ганчимэг хэвлэлд өгсөн тайлбартаа “Өмнө нь Өвөрхангай аймгийн Бүртгэлийн хэлтэст ажиллаж байсан гэсэн. Хот руу шилжин ажиллах хүсэлтийнх нь дагуу Сонгинохайрхан дүүрэг дээр улсын бүртгэгчээр тушаал гаргасан ч өөрөө очоогүй гэж сонссон. Тэгээд одоо миний оронд ажиллаж болмоор байгаа юм байлгүй дээ. Би Д.Тогтохсүрэн гишүүнийг ёс зүйгүй гишүүн байна гэж харж байгаа. Учир нь эхнэрийг нь ажилд авах гэж ямар юм хийснийг сайн мэдэж байгаа. Шударга дуугарч чадахгүй л чимээгүй сууна. Гишүүн хүн дээ уг нь. Түүнээс гадна би түүний эхнэрийн оронд байсан бол ингэн барин ажилтай болохыг хүсэхгүй байсан. Бүртгэлийн орон тоо хаа сайгүй л байна. Ахлахаасаа эхлээд сонголт бол бий. Түүнийг нь хийж байгаад нэр төртэй өрсөлдөөд орж ирж болох байсан” хэмээж байжээ. Түүний ярилцлагыг ЭНД ДАРЖ үзнэ үү.